Өвөрхангай аймаг орчин үеийн технологи бүхий кинотеатртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-30 22:33:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт “Орхон синема” кинотеатр ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ.

АНУ-ын GPS системээр бүрэн тоноглож, герман үйлдвэрийн микрофон суурилуулсан, Dolby atmos технологийн дуугаралттай, 2K нягтралтай дүрс гаргах, 20 мянган цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай, 3D кино гаргах мөнгөлөг дэлгэцтэй гэхчлэн олон улсын стандарт шаардлага хангасан, орчин үеийн мэргэжлийн кинотеатрыг аймгуудаас анх удаа Өвөрхангайд байгуулж байна.

“Хүүхэд, залуучуудад чөлөөт цагаа соёлтой, үр ашигтай өнгөрүүлэх тав тухтай орчинг бий болгож өгснөөр нийгмийн дэг журам, гэмт хэрэг, зөрчлийн гаралт ч харьцангүй буурдаг сайн талтай. Тиймээс иргэдийнхээ ая тухтай амьдрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл боломжийг хангахаар Өвөрхангай аймагт олон бүтээн байгуулалт өрнөж байгаагийн нэг нь энэхүү 180 хүний суудалтай кинотеатр юм” хэмээн аймгийн удирдлагууд хэллээ.

Өвөрхангай аймагт "Орхон" гээд хүн бүхний сэтгэлд хоногшсон кинотеатр байсан ч олон жилийн өмнө үйл ажиллагаа нь зогссон. Тэрхүү нэрийг сэргээж, шинэ кинотеатраа нэрлэсэн байна. Тус бүтээн байгуулалтыг ICinema кинотеатрын захирал Х.Жигжидсүрэн орон нутгийн төсвийн 300 сая төгрөгөөр гүйцэтгэжээ.

Холбоотой мэдээ