Б.Сувд: Нью-Йорк, Москвагийн номын яармагаас туршлага судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-31 16:06:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатарын талбайд жил бүрийн 5 дугаар сарын 22-24-нд “Номын баяр” болдог уламжлалтай. Жилээс жилд цар хүрээ нь өргөжиж, оролцогчдын тоо нь ч нэмэгдсээр байна. Номын гэрэлт энэ өдрийг санаачлан бодитой ажил болгож, бүтээлч үйлс өрнүүлж буй “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн, “Номын ертөнц” сэтгүүлийн эрхлэгч Б.Сувдтай ярилцав. Тэрээр номын өдөрлөгөө дуусгаад л алсад мордох гэж байсан тул багахан цагт багцтайхан хариулт өгсөн юм.


-Алсад мордох гэж байна уу?

-Тийм ээ. Гурван өдрийн номын баяраа олны дэмээр сайхан тэмдэглэж, зохиолч, уншигчдыг уулзуулж, учруулсандаа баяртай байна.  Өдөрлөгийнхөө дүнг дөнгөж гаргаад байна. АНУ-ын Нью Йорк хот руу ниснэ. Тэнд номын экспо болох юм. Туршлага судлаад ирнэ.

- Номын баярыг гуравхан хоногт  биш, гурван сарын сүүлээс л хийж эхлэх шиг болсон ?

- Номын баярынхаа бэлтгэлийг шинэ он гараангуут эхэлдэг. Номын баярын цар хүрээг өргөтгөхийн тулд олон ажил амжилттай зохион байгууллаа. Томоохноос нь хэлэхэд, 4 дүгээр сарын 22-23-нд “Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчид, ном бүтээгчид” өдөрлөгийг Оросын шинжлэх ухаан соёлын ордонд хийсэн.  Энэ үеэр иргэдийн оролцоотой “Иргэний номын сан”-д номын хандив цуглуулсан нь үр дүнтэй боллоо. Түүнийг залгуулаад 5 дугаар сарын 22 хүртэл “Номын сан мэдээллийн долоо хоногийн аян” өрнүүлж “Номын жинг хөдөлгөе” автобустай аялал, уулзалт зохион байгуулсан. Номын санчдад зориулсан сургалт, аялалд номын санчид идэвхтэй оролцлоо. “Ном уншихын сайхан нь юу вэ” аян өрнүүлсэн. Мөн хүүхдийн нэрт зохиолч Л.Бадарч агсны 100 жилийн ойд зориулан “Хүжийн гал”, “Унага” уралдаанд ч хүүхдүүд олон оролцсон.

-  “Иргэний номын сан” гэдгээ тодруулаач?

- Иргэний номын сан гэдэг нь олон улсад эрчимтэй хөгжиж буй хэрэглэгч төвтэй номын сангийн сүүлийн үеийн загвар юм. Амьжиргааны түвшин, амьдрах орчин нөхцөл болон бусад бэрхшээлээс үүдэн номын сан, нийгмийн нийтлэг үйлчилгээг хүртэж чаддаггүй иргэдэд чиглэсэн номоор үйлчлэх ажил гэж бас болно. Энэ загвараар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд "Иргэний номын сан" байгуулсан юм. Иргэний энэ номын сангийн загварыг  “Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв” ТББ, “Beyond books” төслийн баг хамтран хэрэгжүүлсэн. Тус номын сан ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 17,18 дугаар хорооны 5434 хүүхэд ая таатай орчинд ном унших боломжтой, номоо солилцон унших, түгээх боломжтой болов. Цаашид зөвхөн нийслэл бус орон нутагт иргэний номын сангаа тэлнэ. Энэ ажилд Австралийн тэтгэлэгт хөтөлбөр, Зориг сан, “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн оролцогчид хамтрахаар болсон.

-Номын богцоор хүүхдэд ном хүргэж өгдөг эмэгтэй бас танайх уу?

- Та яаж мэдсэн юм бэ. Номтой богцоо үүрээд хүүхдэд ном хүргэж өгдөг эгчийг Ц.Энхтүвшин гэдэг.  Тэрбээр анх 2015 онд Чингэлтэй дүүргийнхээ 11 дүгээр хорооны 9 дүгээр хэсгийнхээ хүүхдэд үйлчилдэг байсан. 2017 онд Дэлхийн зөн төслийн уралдаанд төсөл оруулан дэмжүүлснээр Ц.Энхтүвшин эгч урамшсан. Төсөл нь гурван сар хэрэгжээд дуусах байсан ч жил илүү хугацаагаар үргэлжилж байна. Одоо тэр хүүхдэд ном хүргэж өгөөд хариуд нь өнөөх айлаасаа ном солилцож аваад бусдад хүргэдэг болсон. Ингээд долоо хоног бүрийн ном солилцоо нь ихэссэн. Сургуулийн хүүхдүүд амрах үеэр номын солилцоо нь бүр идэвхждэг гэсэн шүү.

- Унтаж амарч болдог номын сан бий болсон байна. Танайхтай холбоотой юу?

- Түүнийг бол МҮИС өөрөө санаачилсан. Нэг дор 500 хүн хүлээж авах боломжтой, 24 цагаар үйлчлэхдээ амарч тухлах орчин бүрдүүлсэн байна билээ. Манай ажлаас санаа авч, улам боловсронгуй болгосон нь таалагдсан.  Ийм номын орчин, номын сан манай улсад улам олон байгуулж, иргэд, хүүхэд, оюутнуудыг номоор хангаж ажиллаасай.

- Номонд ээлтэй хүн олширсон байна. Жишээ нь, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн  дүүрэгтээ 4 газар номын сан байгуулахаар яриад, одоо хоёрыг нь байгуулчихсан байна. Энэ бол сайхан л эхлэл юм даа?

-Тийм. Ийм л хүмүүс олон болбол аштай юу даа.

-Саяын  номын өдрүүдээр бас л олон бүтээлч ажил өрнөж, номын хүрэлцээ, хэрэглээ өмнөхөөс өсөх шиг боллоо?

-  “Ид шидийн орон” ТББ-тай хамтарсан "Улаанбаатар номын баяр"-ын хүрээнд,  манай залуус 1000 төгрөгийн түлхүүрийн оосроос эхлэн, өөрсдийн санаачилж хийсэн хөргөгчний соронзон наалт зэргийг худалдан 6 сая төгрөг, нэг байгууллага хүүхдийн бэлэгний багцандаа 2600 ширхэг оосор авч 2.6 сая төгрөг нэмэгдүүлснээр нийт 8.6 сая төгрөгийн борлуулалт хийж хандиваа амжилттай  босголоо.  Миний мэдэхийн сүүлийн 13 жилийн турш хамгийн сайн борлогдсон номоор шууд нэвтрүүлгийнхээ  фоныг хийсэн нь  иргэдэд илүү хүрэх шиг болсон.

-Та бас “Сургамжит өгүүллэг номын цувралыг хүмүүст хүргэсэн байх аа?

-Тийм ээ. “Сургамжит өгүүллэг”-ийг  уншаагүй хүн Монголд бараг үгүй байх аа. Удахгvй 9 дэх цуврал уншигчдын гарт хүрнэ.

- Энэ удаа  мөн Москвагийн “Улаан талбайн номын баяр”-ыг дайраад ирнэ гэсэн үү?

- ОХУ  “Орос хэлний өдөр” буюу А.С.Пушкины өдрийг тохиолдуулан “Улаан талбай” номын баярыг онцгой уур амьсгал, утга зохиолын баяр цэнгэл, хүмүүнлэгийн гайхалтай үйл явдал болгон тэмдэглэдэг гэсэн. Бас л анх  очиж үзэх гэж байна. 6 дугаар сарын 1-нд тав дахь удаагаа болох юм гэсэн. Гэгээн Василийн сүмээс түүхийн музейгээ хүртэл ном дэлгэсэн байдаг гэж дуулсан. Энэ жил Театрын ивээл дор Оросын агуу яруу найрагч А.С.Пушкины мэндэлсний 220 жилийн баяртай давхцуулж хийнэ. 6 дугаар сарын 6-нд Пушкины төрсөн өдөр болно. Тэгэхээр том баяр болох байх.

- Хол аянд мордохын өмнө зав гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Энэ дашрамд номын баярт хамтран ажиллаж, тусалж дэмжсэн МОНЦАМЭ-гийн удирдлага, хамт олонд баярласнаа дахин дуулгая. Манай “Номын соёлт ертөнц” ТББ маань Үндэсний МОНЦАМЭ агентлагтай хамтран ажиллах санамж бичиг  байгуулсан. Энэхүү санамж бичиг нь жил бүрийн хавар, намар Сүхбаатарын талбайд тэмдэглэдэг “Номын баяр”-ын хүрээг өргөжүүлж, тус баярын уламжлалт хэв маяг, онцлогийг гадаад, дотоодын олон нийтэд түгээн таниулахад их нөлөөлнө гэж бодож байна. МОНЦАМЭ агентлаг нь таван хэл дээрх вэб сайт болон долоо хоног тутмын англи хэлний “Mongol messender, хятад хэлний “Мэнгү Шяошибао”, япон хэлний “Монгорү цүүшин”, орос хэоний “Новости Монголии” сонинд тусгай булан гаргах болсонд баярлаж байгаагаа хэлье.

Ийнхүү ном зүйч, сэтгүүлч мэргэжилтэй Б.Сувд онгоцонд суухаар яаран гарлаа. Тэрбээр “Сэтгүүлчид маань гэгээлэг мэдээг сайн түгээж баймаар байна. Хар мэдээг биш гэгээн мэдээг түгээж байя. Үүнийг заавал ярилцлагад оруулж өгөөрэй” гэв. Ирэхдээ их олзтой ирэх буй заа.  

 


Холбоотой мэдээ