Гарал үүслийн гэрчилгээний бүрдэл дутуу мах борлуулж байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-30 18:32:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу “Нарантуул2” худалдааны төвд шалгалт хийжээ.


Тодруулбал иргэн “С” тус худалдааны төвөөс худалдан авсан махаа чанарын шаардлага хангаагүй хэмээн үзэж, буцаах хүсэлт гаргасан ч хүлээн аваагүй тул ШӨХТГ-т хандсаны дагуу шалгасан байна. Шалгалтаар тус захад бараа буцаахтай холбоотой дүрэм, журам байхгүй, дотоод хяналт сул, борлуулж буй махны гарал үүслийн гэрчилгээний бүрдэл дутуу, худалдан авагч, хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй зэрэг зөрчил, дутагдал илэрсэн байна.  Тиймээс худалдааны төвийн дотоод хяналтыг сайжруулах, махны гарал үүслийн гэрчилгээний бүрдэлд анхаарах, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа махыг сонгохдоо анхаарах зүйл, таних аргуудын талаарх мэдээлэл бүхий зурагт хуудас, санамжийг хэрэглэгчдэд ил харагдах газар байршуулах шаардлага хүргүүлжээ. Мөн эрүүл ахуйн нөхцөлийг онцгой анхаарах, бараа буцаалттай холбоотой дүрэм журмыг баталж, мөрдөхийг шаардлагад тусгасан байна. Улмаар “С”-ийн гомдлын дагуу худалдааны төвийн удирдлага, ажилтнуудаас холбогдох тайлбар, баримт материалыг авч, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу иргэний 215 мянган төгрөгийн хохирлыг барагдуулжээ.


Түүнчлэн нийслэлд ажиллаж буй томоохон зах, худалдааны төвүүдэд дээрх шаардлагуудыг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан байна.

М.Батчимэг

Холбоотой мэдээ