“Хүүхэд буруугүй” мэдлэг сорих тэмцээн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-31 14:50:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Дотоод хэргийн их сургууль хамтран хууль зүйн их, дээд сургуулийн оюутан, суралцагчдын дунд “Хүүхэд буруугүй” сэдэвт мэдлэг сорих тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнд Дотоод хэргийн их сургууль, Шихихутуг их сургууль, Их Засаг олон улсын их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг хууль зүйн дээд сургуулийн 6 багийн оюутан, суралцагчид оюун ухаан, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Дотоод хэргийн их сургуулийн “Гэрэлт Ирээдүй” баг тэргүүлж, тус их сургуулийн “Эрх зүйн хамелеон” ,Монголын Үндэсний их сургуулийн “Арга билиг” баг удаалжээ. Мөн Шихихутуг их сургууль, Их Засаг олон улсын их сургуулийн багийн ахлагч нарын илтгэлийг шилдгээр шалгаруулж, тусгай шагнал гардуулсан байна. 


Мэдлэг сорих тэмцээний зорилго нь хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, хөндөгдсөн эрхийг сэргээх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах ажилд хууль зүйн их, дээд сургуулийн оюутан суралцагсдын оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй мэргэжлийн үйл ажиллагааг явуулах хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн оюунлаг ажил боллоо.


Холбоотой мэдээ