Л.Энх-Амгалан: Монгол Улс нэг тойрог байхаар хуулийн төсөл боловсруулсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын багийн боловсруулсан Сонгуулийн тухай хуулийг дэмжжээ. Хуулийн төсөлд Монгол Улсыг нэг тойрог байхаар болосвруулсан байна.
Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын багийг УИХ-ын даргын захирамжаар ноднин байгуулжээ. Эл ажлын багт УИХ-д суудалтай улс төрийн төлөөлөл, бие даагч нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан гэж ажлын багийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан мэдээлэв. Тэрбээр, “2015 онд баталсан сонгуулийн тухай хуулиар хийсэн өмнөх сонгуулийн туршлагаас харахад, гурван төрлийн сонгуулийг нэг хуулиар зохион байгуулах эрх зүйн боломжгүй байна. Ингээд ард түмэнд ашигтай байхаар Сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын баг гаргасан. Ажлын баг сонгуулийн хуулийг өөрчлөх дөрвөн хувилбарыг хэлэлцсэн. Тодруулбал, том мажоритар, бүсчилсэн тойрог, жижиг можаритор, нэг тойрог болгох хувилбарууд. Үүнээс Монгол Улс нэг тойрог болох хувилбарыг тогтвортой хөгжлийн бодлоготой нийцэж байна гэж үзлээ. Тойргоор явуулсан сонгууль нь хөрөнгө оруулалтыг хувааж, эдийн засгийг сулруулж байсан. Тиймээс 76 гишүүн нэг тойрогт ажиллах нь зүйтэй гэж санал нэгдсэн” гэлээ.
Энэхүү хуулийн төсөлд улс төрийн нам дээд тал нь 76 хүн нэр дэвшүүлэх боломжтой болох ч зөвхөн нэг хүнийг сонгох аж. Ингээд саналаараа тэргүүлсэн 76 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдох юм байна. Хуулийн төслийг боловсруулахдаа, улс төрийн 26 нам, төрийн болон төрийн бус байгууллагыг оролцуулан шат дараалан хэлэлцүүлэг өрнүүлж, 230 санал гарснаас 135-ыг нь нэгтгэн боловсруулжээ.