Шүд угаах анхдугаар тэмцээн болов

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-06-03 15:48:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, Тайванийн шүдний эмч нарын нэгдсэн холбоо хамтран тус дүүргийн 109 дүгээр сургуульд  шүд угаах тэмцээнийг анх удаа зохион байгууллаа.


Тэмцээний нээлтэд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар үг хэлэхдээ, “Тайванийн шүдний эмч нарын нэгдсэн холбооноос 5 дахь жилдээ эмч нараа илгээж хүүхэд багачуудын шүд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгөхөөс гадна ард иргэдэд шүдний эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт явуулсны үр дүнд дүүргийн хүүхэд залуусын шүдний өвчлөл буурч байгаа юм. Энэ жил шүд угаах анхдугаар тэмцээнийг зохион байгуулж буй дүүрэг болж буйдаа баяртай байхын сацуу ийм төрлийн эмчилгээний болон эрүүл мэндийн боловсрол олгох хэлбэр нь улсын хэмжээнд үлгэр дуурайлал болно гэж найдаж байна” гэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Гуо Рун хэлэхдээ, “Тайвань, Монгол орон эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаад 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Өмнө нь эмч эмнэлгийн мэргэжилтэнг чадавхжуулах, эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажилладаг байсан бол энэ удаагийн тэмцээнээр дамжуулан хоёр талын эрүүл мэндийн хамтын ажиллагаан дахь урьдчилан сэргийлэх чиглэлийн хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Энэ бол маш том амжилт билээ. Шүд угаах тэмцээнд Монгол орон даяар ард иргэд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна” гэв.

 

Тэмцээнд 9-12 насны ЕБС-ийн сурагчид хамрагдав. Мэдлэг шалгах тест болон шүд угаах гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдсэн тэмцээний эхний шатанд нийт 250 гаруй сурагч оролцсон юм.

Тайванийн шүдний эмч нарын нэгдсэн холбооноос тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг Тайваньд болох шүд угаах тэмцээнд оролцуулах юм. Шалгарсан сурагчид Тайванийн үе тэнгийн сурагч багачуудтай шүд угаах ур чадвар, мэдлэгээ хуваалцаж харилцан суралцах юм.

 

Холбоотой мэдээ