Хандив цуглуулсан сургууль, цэцэрлэгийг АТГ-т мэдээлэхийг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-05 18:05:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгийн ажилтай холбоотой хууль бус хандив, тусламж цуглуулж байгаа бол нэн даруй мэдээлэхийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас сануулав.


Тус газарт нэр бүхий сургуульд элсэх, төгсөх ажиллагаатай холбоотой хууль бус хандив авч байгаа тухай гомдол, мэдээллийг эцэг, эхчүүд ирүүлсээр байгаа аж. АТГ-т  шалгаж буй иргэний гомдлоос дурдвал, "Сонгинохайрхан дүүргийн 216 дугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Алтанцэцэг хичээлийн жилд хүүхэд элсүүлэхдээ 300-600 мянган төгрөгийн хандив авдаг" гэх гомдол ирсэн. Мөн "Баянгол дүүргийн 179 дүгээр цэцэрлэгийн н.Хишигсүрэн нарын багш анги засварын мөнгө гэж нэг хүүхдээс 15-30 мянган төгрөг авч байна" гэх гомдол иржээ. Түүнчлэн "Архангай аймгийн засаг даргын орлогч Б.Болормаа аймгийн ЕБС-ийн үдийн цай, хүүхдийн хоолны тендэрийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт ашигтай байдлаар авдаг" гэх зэрэг гомдол иргэдээс ирсэн байна.


Он гарсаар, сургууль, цэцэрлэгийн хандивтай холбоотой 42 гомдлыг АТГ хүлээн авч, шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ