Эртний хүмүүсийн ул мөртэй Алтай Таван богдын аяллын маршрут
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Зуны дэлгэр цаг ирж, аяллын улирал эхэллээ. Эрхэм уншигч та хаана, хэрхэн амрахаа хараахан шийдээгүй байгаа бол үзэсгэлэнт сайхан байгальтай, эртний хүмүүсийн ул мөр бүхий Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газраар аялангаа амрахыг зөвлөж байна.
Алтай Таван богдод манай орны хамгийн том гурван мөсөн гол бий
Алтай Таван богд уул нь Монгол орны хамгийн баруун
захад, нийслэл Улаанбаатар хотоос 1821 км, Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос
185 км зайд тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумын заагт оршдог. Монгол Улсын
хилийн нэгдүгээр багана мөн Алтай Таван богдод байрласан байдаг.
Монгол Улсад "Богд" гэсэн үг орсон 280 гаруй уул
байдгаас хамгийн өндөр нь Алтай Таван богд /4374/ юм. Түүнчлэн Монголын түүх уран зохиолын
хосгүй дурсгал болох "Монголын нууц товчоо" номонд "Улуг таг"
/Их уул/ хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Өлгий
зэрэг олон мөнх цаст оргилуудтай.
Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол зэрэг манай орны хамгийн том гурван мөсөн гол тэнд оршдог юм. Эдгээрийн хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 20 км урт.
Хүйтний оргилд түүхэнд анх Москвагийн Их сургуулийн сонсогч ах дүү хоёр
авирчээ
Г.Н.Потанин, М.В.Певцов зэрэг Оросын судлаачид ХІХ
зууны сүүлчээр хэд хэдэн удаа тус нутгаар аялж судалгааны ажлуудыг эхлүүлжээ.
Мөн 1905, 1906, 1908, 1909 онд Томскийн Их сургуулийн профессор
В.В.Сапожниковын экспедиц Алтай Таван Богд уул болон мөсөн голуудыг судалжээ.
Түүний "Эрчис, Ховд голын эхэн дэх Алтай" номонд Алтай таван богд
уулын оргилуудын өндөр, өнөөдөр устаж үгүй болсон мөсөн голууд, тэдгээрийн
хэмжээг дурдсан байдаг юм. Мөн Москвагийн Их сургуулийн сонсогчид болох ах дүү
Борис, Михайл Тронов нар 1915 онд Хүйтний оргилд түүхэнд анх удаа амжилттай
авирсан байна. Харин манай орны иргэдийн хувьд 1956 оноос Алтай Таван Богд
ууланд авиралт хийж эхэлсэн түүхтэй юм.
Алтай Таван богдод хэзээ авирахад тохиромжтой вэ?
Баян-Өлгий аймагт ирсэн жуулчдын дийлэнх нь Алтай Таван богд уулыг зорьдог. Тухайлбал, 2018 онд 3000 орчим жуулчин тус уулыг үзэж сонирхохоор Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас зөвшөөрөл авсан байна. Тус ууланд жилийн аль ч улиралд авиралт хийж болох ч 7-9 дүгээр сард цаг агаар хамгийн их тохиромжтой гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Гэхдээ Алтай Таван Богд уулын орчимд цаг агаар их тогтворгүй ба нэг өдөрт л жилийн дөрвөн улирлыг үзэж болдог. Уулын эргэн тойронд жуулчны бааз, зочид буудал байхгүй. Зөвхөн майханд, эсвэл нутгийн иргэдийн гэрт /өдөрт нэг хүн 20000-30000 төгрөг/ хонож болно.
Энэ зун Алтай Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 181 тоот зарлигаар дээрх уулыг төрийн
тахилгатай уул хайрханы жагсаалтад оруулж, тэнгэрийг тайх ёслолыг таван жилд
нэг удаа зохион байгуулж байхаар заасан юм. Улмаар анхны төрийн ёслолыг 2014
оны 7 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулж, тухайн үеийн Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж тэргүүтэй төр засгийн төлөөлөгчид оролцож байв. Харин хоёр дахь удаагийн ёслолыг ирэх наймдугаар сарын 3-ны өдөр зохион байгуулна.
Алтай Таван богдод яаж очих вэ?
Тус уул нь Монгол Улсын хилийн бүсэд хамаарах тул
Өлгий хотод байрлах хилийн цэргийн ангиас /Улаанбаатар хотоос ирэх хүмүүс Хил
хамгаалах ерөнхий газраас/ хилийн бүс нэвтрэх зөвшөөрөл /үнэгүй/, Монгол Алтайн
нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас тусгай
хамгаалалттай газар нутагт нэг удаа нэвтрэх тасалбар /Монгол Улсын иргэдэд 300
төгрөг, гадаадын иргэн 3000 төгрөг/ авсан байх шаардлагатай. Алтай Таван богд
уул нь Өлгий хотоос 185 км зайд оршдог. Тус газарт очихын тулд Өлгий
хот-Улаанхус сум-Согог баг-Хөх хөтөл баг-Ойгорын гол-Алтай Таван богд, эсвэл
Өлгий хот-Улаанхус сум-Цэнгэл сум-Загаст нуур баг-Шивээт хайрхан-Цагаан
гол-Алтай Таван богд гэсэн үндсэн 2 маршрутаар машинаар явах боломжтой. Мөн
морьтой, явган аялал хийж болно. Ихэнх газраас мобиком, юнител, жи-мобайлын
сүлжээ барина.
Зам зуур юу үзэж болох вэ?
Үндэстэн ястнуудын амьдралтай танилцах. Зам зуур казах, тува түмний амьдрал ахуй,
бүргэдчинтэй хамт явж бүргэдээр ан хийх урлагтай танилцах /өдөрт 50000-80000
төгрөг/, мөн гартаа бүргэд суулгаж дурсгалын зураг татуулах боломжтой. Зам
дагуух айлуудаас морь хөлслөн авч болно. Морины хөлс өдөрт 25000-30000 орчим
төгрөг байна.
Цагаан салаагийн хадны сүг зураг. Алтай Таван богд уулын эргэн тойронд эртний хүмүүсийн үлдээсэн түүхэн дурсгалууд олноор тохиолддог. Тэдний нэг болох Цагаан салаагийн хадны сүг зураг нь Монголын соёлыг дэлхийд гайхуулдаг түүхэн дурсгалуудын нэг юм. Цагаан салаагийн хадны сүг зураг нь аймгийн төвөөс 165 км-т оршдог. Уулын өвөр биед байрласан хавтгай гөлгөр чулуун дээр зурагдсан бөгөөд хэсэг хэсгээрээ бөөгнөрөн байрласан байдаг. Уртаашаа 15 км, өргөөшөө 500 м орчим зайд үргэлжилнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар 10000 орчим зургаас бүрддэг байна. Сүг зурагт хүмүүс араатан амьтан, шувуу зэргийг өөрсдийн чадах чинээгээр дүрсэлж, ан гөрөө хийх, тариа ногоо тариалах, мал амьтан гаршуулах, үхэр тэргээр тээвэр хийх зэргээс гадна эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дотно харилцааг ч дүрслэн үлдээсэн байдаг.
Эдгээр зургаас хүмүүс тэр үед ямар багаж, хэрэгсэл хийж эхэлснийг, тухайн үед ямар амьтад энэ газарт зонхилон амьдарч байсныг, хэзээ ямар амьтныг гаршуулж уналга эдэлгээнд хэрэглэж эхэлснийг, хэзээнээс газар тариалан эрхэлж анжис, нум сум, дугуй зэргийг хэрэглэх болсныг, цэрэг дайны бэлтгэлээ яаж хийдэг байсныг, ямар зүйлийг шүтээнээ болгодог байсныг, хэзээнээс малдаа тамга хэрэглэж ирснийг, сүг зургийн тархалтаар тухайн үед Монгол орны хаана хүн амьдрах таатай орчин бүрдэж байсан зэргийг тодорхойлох боломжтой.
Шивээт хайрханы хадны зургийн цогцолбор. Хар салаа, Цагаан салаа голуудын хөндийд
байрладаг. Зурагтай талбайн нийт хэмжээ нь ойролцоогоор 12 хавтгай дөрвөлжин
км. Уг хадны зургийн дурсгалыг эртний анчид, малчид үлдээсэн гэж эрдэмтэд
үздэг. Цаг хугацааны хувьд хүрлийн түрүү үеэс эртний түрэгийн үе хүртэлх
түүхийн урт удаан хугацааг хамарна. Ихэнх зургуудад янгир, буга агнаж байгаа
анчид, дайн байлдаан хийж байгаа хүмүүс, элдэв домгийн амьтад дүрслэгдсэнээс
гадна зарим нэгэн буга, үхэр, араатнуудын их бие, эвэр дээр төрөл бүрийн тамга
сийлсэн харагдана. Шивээт хайрханы хадны
зураг Цагаан Салаа, Арал толгойн хадны сүг зургийн хамтаар 2011 онд Дэлхийн соёлын
өвд бүртгэгдсэн байна.
Хүн чулуу. Алтай Таван богд очих зам дагуу Цэнгэл сумын
нутагт орших Цагаан голын баруун хойших дэнж, дэвсэг хөндий, мөн голын зүүн
хойд талд Цагаан салаа хэмээх газарт байрлах хүн чулуунууд, Улаанхус сумын Хар
ямаатын голын хөндийд орших хүн чулууны цогцолборыг үзэж сонирхох боломжтой юм.
Хэрвээ та Алтай Таван богдод очихоор шийдсэн бол дулаан хувцаслан хувийн бэлтгэлээ сайтар хангаж, найдвартай унаа, хөтчөөр үйлчлүүлэхийг зөвлөж байна. Мөн хилийн бүсээр аялахдаа иргэний үнэмлэх, гадаадын иргэд паспортаа биедээ заавал авч явах шаардлагатай юм.
Жуулчдад хэрэг болж магадгүй зарим мэдээллийг доор орууллаа.
Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын шуурхай утас: 70424042, e-mail: info@bayan-olgii.gov.mn
Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн.
Утас: 99420110, e-mail: baglan.merhamet@yahoo.com
Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын
захиргааны Мэдээллийн төв. Утас: 99423395, e-mail: jadyra_27@yahoo.com
Баян-Өлгий аймаг дахь Хилийн 0165 дугаар анги. Утас: 88220165
Цагдаагийн газар: 7042102, e-mail: police@bayan-olgii.gov.mn
Онцгой байдлын газрын шуурхай утас: 7042101, 7042105, e-mail: info@bo.nema.gov.mn
"Owl sky" зочид буудал: 99007737
"Думан" зочид буудал: 99429191, 99421515
"Таван богд" зочид буудал: 99429556
"Almaly" зочид буудал: 99419292
"Eagle Nest" зочид буудал 99427003,95427809