Жилд 40 мянган хүүхэд байгаль экологийн мэдлэгтэй болно

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-06-06 16:34:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХААН банк Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбортой хамтран хэрэгжүүлж буй “Би ногоон дэлхийн хүүхэд” төслийг нээв.


ХААН банк сангаас 2018 оны сүүлээр байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр шинэ санаачилга дэвшүүлсэн төслийг сонгон шалгаруулах “Ногоон төсөл”-ийн уралдаан зарласан юм. Энэхүү уралдаанд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын “Би ногоон дэлхийн хүүхэд” төсөл шалгарч, дээрх сангаас санхүүжүүлэн хамтран ажиллажээ.

Төслийн хүрээнд тус цогцолбор “Байгаль экологийн боловсрол олгох хөтөлбөр”-өө шинэчлэн нэвтрүүлснээс гадна, Хөгжил мэдээллийн ордондоо хангайн болон говийн бүсийг харуулсан орчин бүрдүүлж тохижуулжээ. Ингэснээр тус цогцолборт жилдээ 40 мянган амрагч хүүхдэд олон зүйл амьтан, ургамал болон Монголынхоо түүх, соёлоос суралцах боломж олгож, тогтвортой хөгжлийн тухай ойлголт, байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх зөв дадлыг эзэмшүүлэх юм.

Төслийн нээлтэд “Найрамдал” зуслангийн I ээлжийн 500 гаруй амрагч хүүхэд оролцож, төслийн үр шимийг хүртсэн анхны амрагчид боллоо.



Холбоотой мэдээ