Монгол, Японы банкууд хамтран ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-10 09:06:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы “Чиба” банкнаас саяхан манай улсад Монгол, Японы бизнес уулзалт болон үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан билээ.  

Зургадугаар сарын 5-нд "Чингис" зочид буудалд болсон уулзалтын үеэр Монгол, Японы хүнсний үйлдвэрлэл, фермийн аж ахуй, супермаркетын үйлчилгээ, мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө, гоо сайхны компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж, менежментийн зөвлөх үйлчилгээ болон нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд харилцан мэдээлэл солилцож, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх талаар нээлттэй, нүүр тулсан уулзалт хийж, бизнес эрхлэгчид туршлагаа солилцсон юм. Энд манай улсаас Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) оролцож харилцагч байгууллагуудаа дэмжин, Япон улс дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан Японы компаниудтай холбож өгч ажилласан юм. Энэ талаар бид ХХБ-ны Токио дахь төлөөлөгчийн газрын дарга, ноён Хажиме Учидагаас тодруулав


-Монголын ХХБ япончуудтай хэдийнээс хамтран ажиллаж байна вэ?

-Юуны өмнө, өнөөдрийн энэхүү уулзалт долоо дахь удаа болж байгааг хэлэхэд таатай байна. ХХБ-ны хувьд Японы “Чиба” банкны үйл ажиллагааг дэмжин оролцож байна. Монгол Улсын ХХБ өнгөрсөн жилээс “Чиба” банктай харилцаа тогтоон хамтран ажиллаж эхэлсэн юм.

-Яагаад хамтарч ажиллах болов. Хоёр банкыг юу холбов?

-Энэ талаар өөрөөсөө эхэлж ярья. Жишээ нь, миний хувьд 2017 оны10 дугаар сард Токио хот дахь ХХБ-ны төлөөлөгчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу даргаар томилогдон ажиллаж байна. Энэ үеэс ХХБ Чиба банкууд хамтран ажиллаж эхэлсэн юм. Түүний өмнө би Японы “Митсубиши” банкны Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан юм.

Яагаад хамтарч ажиллах болсон талаар хэлэхийн өмнө ХХБ-ны Токио дахь төлөөлөгчийн газрын үндсэн үйл ажиллагааг дурдвал илүү ойлгомжтой байх. Бид манай хоёр орны хооронд хийж буй худалдаа, хамтын ажиллагаа, харилцааг дэмжин, гол зорилгоо болгон ажилладаг.  




Чиба” банк нь Японы Чиба мужийн хамгийн том банк юм. Чиба муждаа үйл ажиллагаа явуулж буй ч Японы томоохон бизнес эрхлэгчдийг Монголд урьж авчирдаг юм. ХХБ-ны хувьд, Монголдоо мөн томоохонд орох, байгууллагын банк гэдэг утгаараа байгуулллагуудад үйлчилдэг, байгууллагуудыг хооронд нь холбож өгөн хамтран ажилладаг. Монгол-Японы гадаад худалдааг улам эрчимжүүлж бэхжүүлэхийн төлөө хоёр банкны харилцагчдын мэдээллийг солилцох зэргээр хамтран ажиллаж байна. Мөн хамтран ажиллагч байгууллагын төлөөллийг хооронд нь холбож уулзуулдаг юм.

-Хоёр банкны хоорондох хамтын ажиллагааны хүрээнд хэр үр дүнд гарч байна?

-Хэд хэдэн жишээ байна. Японы болон хоёр орны хамтарсан “М ЭК фүүдс”, “НАБЭЯА”, “Ямахару”, Кукан жоохо”, “Коен” компаниуд Японоос олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирж байна. Эдний экспортлож буй Японы цагаан будааг гэхэд “Номин”, “Миний зах” зэрэг Монголын томоохон супермаркет дэлгүүрүүдээр худалдаж, хэдийнэ монголчуудын танил болсон байх жишээний. Мөн Монголоос ажиллах хүч авч харилцан солилцож байна. Үүний үр дүнд мэдээлэл-технологийн монгол инженерүүд Японд суралцан бэлтгэгдэн гарч байна.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ