Өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч хүмүүжил олгох шаардлагатай

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2019-06-10 14:07:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх орны ирээдүй болсон өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн цэргийн штаб, Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ)-ноос энэ сарын 12-нд Сүхбаатар, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнханд зориулан лекц уншиж, урлагийн тоглолт үзүүлэхээр болжээ.


Нийслэлийн иргэний танхимд болох энэхүү лекцийг (МЦНХ)-ны Соён гэгээрүүлэх лектор Ж.Цогтсугар, Монгол Улсын гавьяат багш Б.Галиндэв нар 400 орчим сурагчид зориулан уншина гэдгийг өнөөдөр зохион байгуулагч нар нь мэдээлэв.


Өнөөгийн нийгэм гажуудаж, олныг цочроосон гэмт хэргүүд гарч буй тул залуучуудыг зөв төлөвшилтэй, эх оронч үзлээр хүмүүжүүлэх шаардлагатай байгааг МЦНХ-ны Соён гэгээрүүлэх лектор Ж.Цогтсугар онцоллоо. Тэрбээр, “Цэрэг эх оронч хүмүүжил, эр зориг, тэсвэр тэвчээрийн сургууль болсон бүх нийтийн цэргийн албаны хууль өөрчлөгдөж, эх оронч үндэсний үзлийг, цэцэрлэг ерөнхий боловсролын сургуульд төлөвшүүлэх бодлого дутагдаж байна. Эр хүний хүчирхэг чанар нь эр зориг, өөрийгөө ялах чадвар, эх оронч үндэсний үзэл болохыг хөвгүүдийн ухамсарт өсвөр үеэс нь суулгах шаардлагатай болсон. Тиймээс лекцээр хөвгүүддээ өөрийгөө хайрлах хамгаалах, гэр бүл үүсгэх, өрхийн тэргүүнд өөрийгөө бэлтгэх, сэтгэлээ илэрхийлэх, эмэгтэй хүнийг хүндэтгэх, өөрийгөө танин мэдэх чадварт сургах юм” гэлээ.


Б.Одгэрэл

Холбоотой мэдээ