Д.Сарангэрэл: Хүн амын дунд зонхилж байгаа халдварт өвчинтэй тэмцэнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-06-10 17:10:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ бэлгийн замаар дамжих халдварт өвчин, тэр дундаа тэмбүү өвчинтэй тэмцэхээр дайн зарлаж буйгаа өнөөдөр хэвлэлийн хурал хийж мэдэгдлээ.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Тэмбүү өвчин үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тул ийнхүү арга хэмжээ авахаар боллоо. Өнөөдөр манайд тэмбүү өвчинтэй тэмцэх шаардлага бий болсон. Учир нь одоогоор нийт халдварт өвчний 35-40 хувийг бэлгийн замын халдварт өвчин буюу тэмбүү эзэлдэг. Жил бүр 50-55 төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гарч байна. 1990 оноос өмнө хүн амын 95.5 хувийг тэмбүү өвчнөөс урьдчилсан сэргийлэх үзлэгт оруулж, 87 хувийг  нь эмчилж байсан. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр удаа  УИХ-ын чуулганд хаалттай хуралдаанд бэлгийн замаар дамжих халдвар, тэр дундаа тэмбүү өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байсан. Одоо ч мөн Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга энэ чиглэлд анхаарлаа хандуулж байгаа. Үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдаж байгаа энэ асуудал олон жилийн турш ярихаас хэтрэлгүй өнөөдрийг хүрсэн. ЭМЯ өнөөдрөөс эхлэн бэлгийн замаар дамжих халдвар, тэр дундаа тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна" гэлэ.


ЭМЯ-ны  Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргал: Монгол Улсын нийт хүн амын дунд “Улаан тариа II” аяныг хоёр жилийн хугацаанд зохион байгуулна. Аяны хүрээнд жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулах, төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг бууруулах, хүн амын дунд тэмбүүгийн халдварыг оношлох, эмчлэх, устгах зорилт дэвшүүлж байна. Энэ ажлыг хийхэд салбар дундын оролцоо чухал. Тиймээс хүн амын дунд урьдчилсан үзлэг хийж, эмчлэх бөгөөд уул уурхай болон олон хүн  ажилладаг томоохон аж ахуйн нэгжтэй хамтарч, иргэдийг үзлэгт оруулна. 


ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: Монгол Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчин социализмын үетэй харьцуулахад эрс нэмэгдсэн нь нийгмийн хүчин зүйл болох архидалт, биеэ үнэлэлт, гэр бүл салалт, ядуурал, хувь хүний зан үйлтэй холбоотой. Энэ бол зөвхөн Эрүүл мэндийн салбарын асуудал бус хувь хүний эрүүл мэндийн асуудал. Таны эрүүл мэнд таны гарт байгаа. Тиймээс иргэд тэмбүү өвчний шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.


Холбоотой мэдээ