Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсын Ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-13 08:16:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар өнөөдөр Конгресс-Холл ордны Их танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ. Киргизийн талаас уулзалтад тус улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков, Тэргүүн шадар сайд А.К.Боронов зэрэг төрийн өндөр, дээд албан тушаалтнууд оролцов.


Хэлэлцээний эхэнд Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Киргиз улсад тавтай морилохыг хүсээд, өнгөрсөн жилийн ШХАБ-ын уулзалтаар ажил хэрэгч яриа өрнүүлсэн шигээ энэ удаад ч гэсэн амжилттай хэлэлцээ хийнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн улс төрийн салбарт хамтран ажиллах бүхий л бололцоо байгаа тул худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг илүү идэвхжүүлэхэд энэ удаагийн айлчлал үр дүнгээ өгнө хэмээн онцлон тэмдэглэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай буйгаа, энэ удаагийн айлчлал Монгол-Киргизийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн энэ дашрамд Киргиз улс ШХАБ-ын хурлыг даргалж байгаад баяр хүргээд, хуралд амжилт хүсэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлж, Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан бие биеэ нөхсөн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэн, улс орныхоо хөгжлийг хангахыг чухалчилж байгаа гэсэн юм. Энэ хүрээнд, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх олон боломж байгаагийн дотор санхүүгийн салбарын хамтын ажиллагаа, тээврийн үр ашигтай маршрутыг тогтоон судлах, хөдөө, аж ахуй, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой санал солилцлоо. Мөн бизнес уулзалт, үзэсгэлэн зэрэг үйл ажиллагааг хоёр улсад харилцан зохион байгуулах, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудлаар аль, аль талдаа санаачилгатай ажиллахаар талууд санал нэгдсэн юм.



Мөн Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын бүтээн байгуулалтын жишгээр буюу дотоодын санхүүжилтээр, дотоодын ажиллах хүчинд тулгуурлан төмөр зам барьж, байгуулж байгаа төсөлтэй илүү дэлгэрэнгүй танилцах бодолтой байгаа гэдгээ Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков онцлон хэллээ. Түүнчлэн өнөөдөр Киргиз улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээгдэж байгаа нь хоёр орны хамтын ажиллагааны нөөц бололцоог ашиглах, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч байгаагийн нотолгоо хэмээн үзэж буйгаа талууд илэрхийлж, хэлэлцээний үеэр яригдсан зүйлсийг богино хугацаанд ажил хэрэг болгохын тулд ажлын хэсэг байгуулан ажиллах санаачилга гаргалаа.


Хэлэлцээний дараа зарим баримт бичигт гарын үсэг зурж, хоёр улсын Ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Холбоотой мэдээ