Монголын хамгийн бүдүүн мод буюу Хаан тоорой

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-06-13 16:10:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Зэрэглээ татсан үзэсгэлэнт их говийг үзэхийн хажуугаар Говийн хангай хэмээх аварга хаан тоорой модыг Баянхонгор аймагт үзэх боломжтой. Өргөнөөрөө долоон метр бүдүүн тус модыг нас биед хүрсэн таван хүн алдлаад зогсоход гар нь арайхийж шүргэлцдэг аж.

Хаан тоорой гэх энэхүү мод Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс урд зүгт 170 км-т бий. Говийн Их дархан газрын бүсэд багтдаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хаан тоорой модны ойролцоо Их Говийн томоохон баянбүрдүүдийн нэг болох Эхийн голын үзэсгэлэнт баянбүрд оршдог.
Дэлхий дээр энэ нутагтай ижил байгальтай, газар нутгийн хувьд ойр Өвөр Монголын Шинжаан уйгарын өөртөө засах муж, Ганьсу муж, Хөхнуур болон манай улсын Өмнөговь аймгийн Номгон сумын Баянгол, Цагаан дэрст, Баяндалай сумын Жааханшанд, Мухарын ам, Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Аж богд гэх мэт газарт тархан ургасан тоорой мод байдгаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагm орших тоорой мод хамгийн том гэж бүртгэгдэж “Хаан тоорой” алдрыг хүртсэн байна.
Сонирхуулахад, Тоорой мод Монгол оронд Өмнөговийн урд талаас эхэлж, Говь-Алтайн нутгаар хил дагуу төгөл үүсгэн ургадаг. Тоорой мод нь Баянхонгор аймгийн Эхийн голд үрээрээ ургадаг бол Монгол оронд хамгийн хойд цэгт ургаж байгаа тооройг Говьсүмбэр аймагт тарималжуулсан байдаг аж.

Холбоотой мэдээ