Байнгын хороо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-13 15:45:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 12.00 цагт хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.


УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын багийг уржнан тавдугаар сарын 25-нд байгуулж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ахалсан. Ажлын баг энэхүү өөрчлөлтийн хэрэгцээ, шаардлагын талаар олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ажлын баг хамгийн олон давтамжтай саналыг тусгаж, 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулж, энэ сарын 6-ны УИХ-ын чуулганы хуралдааны үеэр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан билээ. Тус төслийг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлээр боловсруулсан гэдгийг ажлын багийн ахлагч Д.Лүндээжанцан танилцуулав.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат УИХ дахь АН-ын зөвлөлөөс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барих процесс алдаатай явагдсан гэж үзсэнийг дурдлаа. Тэрбээр, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа Ерөнхийлөгчөөс санал аваагүй. Тодруулбал, Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хүргүүлэхгүйгээр шууд өргөн мэдүүлсэн байгаа юм. Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатар ч мөн албан бичиг хүргүүлсэн байгаа. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлыг чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх дэгийг нарийвчлан тогтоосон УИХ-ын дэгийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгч ёсчлоогүй байгаа. Тиймээс хуулийг ёсчлох хүртэл Үндсэн хуульд гар хүрч болохгүй” хэмээв.


Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналыг нь тусгах албан бичгийг ажлын багаас Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн. Гэвч албан ёсоор хариу ирүүлээгүй. Харин УИХ-ын дэгийн тухай хуулийг ёсчлоогүй байгаа тул өнөөдөр шинэ хуулиар бус өмнөх хуульд заасан дэгийн дагуу хэлэлцэнэ. Ерөнхийлөгч уг хуулийг ёсчилсны дараах хэлэлцүүлгүүдийг шинэ хуулиар явуулах юм” хэмээн тайлбарлалаа. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн  төслийг энд дарж үзнэ үү.



Холбоотой мэдээ