Ханьян их сургуулийн эмнэлэгтэй хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр хамтарна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-06-13 17:20:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БНСУ-ын Ханьян их сургуулийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус сургуулийн олон улсын эмнэлгийн дарга Чой Хо Сун, мөн тус сургуулийн ходоодны мэс засалч, профессор Квон Сун Жүүн,  Гадаад харилцааны хэлтсийн дарга Ким Хва Сан нар байлцав.


БНСУ-ын Сөүл хотын Ханьян их сургуулийн эмнэлэг хавдрын чиглэлээр, ялангуяа ходоод, хөх, бүдүүн гэдэс, уушгины хавдрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эрүүл мэндийн байгууллагуудын үнэлгээгээр 1-р зэрэглэлд багтдаг дээд шатлалын эмнэлэг юм. Тус эмнэлэг анх 2004 оноос Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд 2004 онд элэгний өвчтэй 16 монгол өвчтөнийг үнэ төлбөргүй эмчилж байсан юм.


Уулзалтын эхэнд Сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ, манай улсын хувьд хорт хавдрын шалтгаант нас баралт 1990 оноос хойш хүн амын нас баралтын 2 дахь тэргүүлэх шалтгаан болсоор байгаа. 2018 оны байдлаар хорт хавдрын шалтгаант нас баралт нь нийт нас баралтын 24.6 хувийг эзэлж байгаа бөгөөд түүнийг цааш хүйсээр задалж авч үзвэл эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги, улаан хоолой, бүдүүн шулуун гэдэс, эмэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, умайн хүзүү, улаан хоолой, уушги, гуурсан хоолойн хорт хавдрын нас баралт тэргүүлэх 5 шалтгаан болж байгаа. Тиймээс энэ чиглэлд хамтран ажиллаж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах хүсэлтэй байгааг онцлов.

Тус сургуулийн олон улсын эмнэлгийн дарга Чой Хо Сун, "Манай эмнэлэг хоол боловсруулах эрхтэн системийн тусламж үйлчилгээгээрээ тэргүүлэх зэрэглэлийн эмнэлэг болохын хувьд энэ чиглэлд дурангийн оношилгоо, эмчилгээ, ходоодны хавдар, ходоодны өвчнийг эмчлэх, эмч нарыг сургах, ревматизм, Лью Герикийн өвчин, үүдэл эсийн эмчилгээний технологи болон эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлсэн. Цаашид хамтран ажиллахад таатай байх болно" гэлээ.

Монгол Улсын ЭМЯ болон БНСУ-ын ЭМНХЯ /Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам/-ын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-д эмчилгээ хийлгэсэн монгол иргэдэд эх орондоо эмчилгээний дараах хяналтад хамрагдах нөхцөлийг бүрдүүлсэн “Эмчилгээний дараах  хяналтын төсөл”-д Ханьян их сургуулийн эмнэлэг 2018 оноос эхлэн оролцож, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

 

Холбоотой мэдээ