Ховд аймаг эдийн засгийн өсөлт, хүний хөгжлөөр тэргүүлэхийг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-13 19:54:16

Ховд /МОНЦАМЭ/. Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулж буй “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг” сэдэвт зөвлөлдөх уулзалт Ховд аймагт боллоо.

Тус уулзалтыг Ховд аймгийн ЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Этис хөтөлбөр, Жайка, үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл  зэрэг байгууллага дэмжин ажилласан юм.

Уулзалтад аймаг, сум, байгууллагын удирдах ажилтнууд болон олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагын төлөөлөл 150 гаруй хүн оролцов.

Монгол Улсын Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бодлогыг 2001 онд батлан хэрэгжүүлж дууссан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулж,  улсын хэмжээнд иргэд олон нийтийн саналыг тусгах зорилгоор тус зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулснаараа онцлог юм.

Ховд аймаг бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг хийж буй 15 дахь аймаг боллоо.

Аймаг тус бүр өөрийн онцлог, давуу талд тохирсон хөгжлийн бодлогын баримт бичигтэй. Үүнийгээ улс, бүс нутаг, хөрш зэргэлдээх хотын ерөнхий төлөвлөлттэй уялдуулах нь чухал. Энэ чиглэлээр нэг аймаг дунджаар 30 орчим төсөл хөтөлбөр боловсруулан баталдаг. Тухайн хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж, гарц шийдлийн талаар энэ удаагийн хэлэлцүүлгээр  хөндөн ярилцав.  

Мөн орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, тогтвортой хөгжлийн түншлэл, эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжил, байршил, дэд бүтцийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, оролцогчдын дунд  нүүр тулсан  хэлэлцүүлэг хийх замаар харилцан санал солилцлоо.

Энэ үеэр аймаг орон нутгийнхаа хөгжлийн гол үзэл санаа, бодлогоо тодорхойлсон юм. Ховд аймаг 2024 он гэхэд бие даасан эдийн засагтай, бараа бүтээгдэхүүний өсөлт нь тогтворжсон, хүний хөгжлийн үзүүлэлт, хөдөлмөр эрхлэлтээрээ тэргүүлсэн  аймаг  болохыг зорьж байна.   

Мөн цаашид эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, өсвөр үеийн хүүхдүүд, залуучуудын сурч боловсрох боломжийг өргөжүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг сайжруулах, эрүүл бие, саруул ухаантай ховд хүнийг төлөвшүүлэх замаар хамтдаа хөгжих бодлого хэрэгжүүлж байна. Үүнээс гадна бүс нутагтаа эдийн засгийн тэргүүлэх ач холбогдол бүхий үйлдвэрийг олноор барьж байгуулан иргэдээ ажлын байраар хангах тал дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдлээ.  

Ховд аймаг нь Улаанбаатар хотоос 1400 гаруй км зайд буюу алслагдсан бүсэд оршдог. Баруун бүсийн ууган их сургууль болох Ховд их сургуулийг түшиглэн хүний хөгжлийг дэмжих ба ОХУ, БНХАУ-тай хатуу хучилттай авто замаар холбогдсон учраас аялал жуулчлал, газар тариалан, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах давуу талтай. 



Холбоотой мэдээ