Н.Энхболд: 38 орны цэрэг нэг дор цугладаг сургууль дэлхийд ховор

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-15 20:10:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй "Хааны эрэлд-2019" олон улсын 17 дахь дадлага сургууль Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв 311 дүгээр ангид өнөөдөр эхэллээ.


Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат болон дадлага сургуульд оролцож буй орны Элчин сайд зэрэг албаны хүмүүс оролцож, үг хэллээ.



Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга зочид төлөөлөгчтэй гар барьж мэндэлсний дараа үг хэлсэн. Тэрбээр, "Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, энхийг эрхэмлэгч улсын хувьд 2002 оноос эхлэн Зэвсэгт хүчнээ энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж, өнөөдрийг хүртэл нийтдээ 17 мянга гаруй цэргийн алба хаагч олон улсад үүрэг гүйцэтгэжээ. Энхийг сахиулах нь цэрэг эрсээс бэлтгэл сургуулилт, тэсвэр тэвчээр, эр зориг, авхаалж самбаа, ур чадвар шаардсан хүнд ажил юм. Энхийг сахиулах бие бүрэлдэхүүн бэлтгэл сургуулилт тогтмол хийх нь эрсдэлт нөхцөлийг гарз хохирол багатай даван туулах, үүрэг гүйцэтгэх чадварыг эрс сайжруулдаг төдийгүй хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлдэг олон талт ач холбогдолтой юм" хэмээв. 


Энэ сарын 28 хүртэл үргэлжлэх дадлага сургуулийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Цогтжаргал удирдана. Мөн АНУ-ын цэргийн командлалын сургуулийн удирдагч, хурандаа Уайн Бодлайн, АНУ-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөрийн удирдагч Скотт Вейд нар голлож оролцох юм.



Дадлага сургуульд Бүгд найрамдах Бенин улс, Бүгд найрамдах Замби улс, Молдова, Руанда, Того, Израил, Иордан, Хашимитын хаант улс зэрэг долоон улс анх удаа оролцож байна. Үүгээр “Хааны эрэлд” энхийг дэмжих сургуулийн хамрах хүрээ жил ахих тусам өргөжиж байгаа нь тодхон харагдаж байгаа юм. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа. 


-Энэ жилийн сургууль хүрээгээ тэлж олон орон оролцож байна. Урьд жилээс ямар онцлогтой болж байна вэ?

-2003 оноос хойш олон улсын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг бэхжүүлэх зорилготой энэхүү сургууль хүрээгээ тэлсээр байна. Өнөөдрийн байдлаар, 38 орны 1700  цэрэг оролцсон томоохон сургууль болж өргөжсөн байна. Мөн маш олон төрлийн чиглэлээр хамтарсан сургалтууд явуулдаг боллоо. Ажиллагааны маань гол зорилго нь, нэгдүгээрт, оролцож байгаа улс орны энхийг дэмжих ажиллагааны чадавхыг бэхжүүлэх чухал зорилт тавьдаг. Хоёрдугаарт, НҮБ-ын шугамаар явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагааны дүрэм журмыг мөрдөж, арга хэрэгслийг давтдаг юм. Гуравдугаарт, олон улсын цэргийн байгууллагууд тал талаасаа  хоорондын уялдаа холбоог сайжруулж, хамтын ажиллагааг зохицуулахад анхаарч ажилладаг онцлогтой. Олон орны цэргүүд цуглаж дасгал сургууль хийнэ гэдэг нь, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. 38 орны цэрэг нэг дор цуглан сургуулилдаг ажиллагаа дэлхийд ховор. Энэ нь манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн явдал болж байна.


-Энэхүү сургуулийг анх аль улсын санаачилгаар эхэлсэн бэ? 

-Монгол Улсын зэвсэгт хүчин АНУ-тай хамтарч анх энэхүү сургуулийг эхлүүлсэн. Улмаар, 2002 оноос Монгол Улс энхийг сахиулах  ажиллагаанд анх нэгдсэн. Ингэснээр, манай улсын зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг олон улсын тавцанд гаргах боломж бүрдсэн. Үндсэндээ манай санаачилгаар,  Америкийн дэмжлэгээр эхэлсэн ийм сургууль юм.



Мөн үеэр, Япон улсын цэргийн баг бүрэлдэхүүнийг төлөөлж буй хошууч Мажор Хироки Фунайтай ярилцлаа. 


-Хааны эрэлд энхийг дэмжих  ажиллагаанд хэд дэх жилдээ оролцож байна вэ?

-Миний бие энэхүү сургуульд анх удаа оролцож байна. Энэхүү сургууль нь маш өргөн хүрээг хамарсан, маш чанартай сургууль болно гэж найдаж байна. Энд оролцож байх явцад монгол цэргүүд бидэнд эелдгээр хандаж, бүх төрлийн ахуйн хэрэгцээгээр дэмжиж байгаад талархаж байна. 


-Япон улсаас хэдэн цэргийн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирэв? 

-Манай цэргийн баг нийт 36 бие бүрэлдэхүүнтэй. Дөрвөн сургагч багштай оролцож байна. 


-Дадлага сургуулийн нээлт, зохион байгуулалтад оролцсон сэтгэгдлээ хуваалцана уу?

-Өчигдөр эхний хичээлд суусан. Өнөөдөр сургууль албан ёсоор нээж байна. Тиймээс зохион байгуулалтыг нь дүгнэн хэлэх одоогоор боломжгүй юм. Гэхдээ, Монголын талаас эмх цэгцтэй, нарийн зохион байгуулсан нь ажиглагдаж байна. 


Энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” олон улсын сургуулийг 2003 онд Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний командлалтай хамтарсан сургууль хэлбэрээр эхлүүлсэн. 2006 оноос Олон улсын сургууль болгон өргөжүүлж, өнөөдрийг хүртэл дэлхийн олон орны цэрэг оролцохыг хүсдэг, томоохон сургалт, дадлагын талбар болоод байна. 


Б. Одгэрэл

Д. Отгонцагаан

Гэрэл зургийг: Т.Чимгээ

Холбоотой мэдээ