Г.Туяа: Сайхан сэтгэлт хүний халуун цусаар тэтгэгдсэн амь бүхнийг хараад бахархдаг

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-06-17 14:08:19

Булган /МОНЦАМЭ/ Хүмүүнлэгийн үйлст доноруудын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Доноруудын үйл ажиллагааг өргөжүүлэх, цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад эрүүл мэндийн цусны салбарын ажилтнуудын хичээл зүтгэл их юм. Тэдний нэг Гончигжавын Туяа хэмээх бүсгүй энэ салбарт 30 шахам жилийн хөдөлмөрөө зориулж байна.

1986 онд Улаанбаатар хотын Анагаахын дунд сургууль төгсөж, 1991 оноос одоог хүртэл Булган аймгийн эмнэлгийн цусны салбар төвийн технологич бага эмчээр ажиллаж байгаа түүнтэй дэлхийн цусны доноруудын өдөр уулзаж ярилцлаа.


- Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна. Манай аймагт онцлог ямар ажил зохиодог байгуулдаг вэ?

- Булган аймгийн нийт хүн амын 2,8, Булган сумын хүн амын 5,6 хувийг донорт элсүүлсэн. Бүх албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг донорын хөдөлгөөнд хамрууллаа. Аймгийн ИТХ-ын шийдвэрээр “Донор байгууллага”, “Донор гэр бүл” гэсэн болзол бий болгосон. 2015 оноос эхлэн шалгаруулж байна. Арван байгууллага донор хамт олон боллоо. Мөн аймгийн “Хүндэт донор” гэж бий болгосон. Аймгийн ЗДТГ-ын үйлчлэгч Г.Шүрэнцэцэг анхны хүндэт донор боллоо.

- Тодорхой хэмжээний цусаа бэлэглэсэн байна биз?

- Тийм ээ. Болзол байна. Шүрэнцэцэг найман литрээс дээш хэмжээгээр цус өгсөн байгаа.

- Гэр бүлээрээ донор болсон өрх олон байна уу?

- “Донор гэр бүл” найм байна. Нэг айлаас 5-аас дээш хүүхэд нь цусаа бэлэглэсэн өрх байдаг.

- Цусны төвийн үйл ажиллагаа ямар түвшинд байдаг вэ?  

- Манай цус, цусан бүтээгдэхүүн улсын жишигт хүрсэн. Манайх 16 сум, аймгийн нэгдсэн эмнэлгийг цусны бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж байгаа. 2009 онд “Глобал” санд төсөл бичсэнээр -40 градус хөлдөөдөг хөргөгчтэй болсноор цусан бүтээгдэхүүнийг хоёр жил хүртэл нөөцөлж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр -80 градус хүртэл хөлдөөх тоног төхөөрөмж ирсэн. Тэгэхлээр нөөцийг таван жил хүртэл хадгалах боломж байгаа. Цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэх арга зүйн зөвлөгөө тогтмол өгдөг. 2015 онд "Цус цусан бүтээгдэхүүн сэлбэх стандарт удирдамж" нэртэй гарын авлага гаргасан. Тус гарын авлагад сумын эмнэлгийн түвшинд цус цусан бүтээгдэхүүний аюулгүй найдвартай бэлэн байдлыг хангах жишгийг боловсруулсан өгсөн юм. Монгол, англи хэлээр хэвлүүлсэн байгаа.

- Ивээн тэтгэгч олж санхүүгийн асуудлаа шийдсэн үү?

- Хүн битий өвдөөсөй. Нэг хүн битгий эндээсэй гэдэг үүднээс ном бичсэн. Өөрөө мөнгөө гаргаад хэвлүүлсэн. Мөнгө бол надад тийм хэрэгтэй зүйл биш. Угаасаа тийм шүү дээ. Мөнгө байгаад эрүүл биш бол ямар байх билээ.

- Цусны талаар судалгаа хийж байгаа гэсэн. Тэр талаараа тодруулна уу?

- Аймгийн иргэдийн цусны бүлгийн судалгаа хийсэн. Хүн ам зүй, газар зүйн байршлаар хийсэн анхны судалгаа гэж үзэж байгаа. Статистик боловсруулалтаар хийсэн. Цусны бүлгийг тодорхойлсон иргэдийн эрүүл мэндийн даатгалын дэвтэр дээр баталгаажуулж ажиллаж байна. Ингэснээр дахин төрж байгаа эхчүүдийн 90,0, мас заслын тасгаар үйлчлүүлэгчдийн 88,0 хувь чирэгдэлгүй цус, цусан бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх боломжтой болсон. Зарим хүмүүс эрүүл мэндийнхээ төлөө анхаарал тавихгүй байгаагаас эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ авах тохиолдолд бэрхшээл учрах нь бий. Тэр үед эмнэлгийн ажилтнуудыг буруутгах хандлага гаргаад байгаа харагддаг. Одоогоор 16000 хүний цусыг тодорхойлоод байгаа. Дахин цусны бүлэг тодорхойлж чирэгдэл учруулахгүй байхаар нэг мөр хийхийн тулд эрүүл мэндийн даатгалын дэвтэр дээр нь баталгаажуулж яваад байгаа юм.

- Судалгааны хувьд онцлог зүйл ажиглагдсан уу?

- Ховор буюу сөрөг бүлгийн цустай хүмүүс хүн амын 0,8 хувийг эзэлдэг судалгаа бий. Сөрөг бүлгийн цустай хүн цус алдсан тохиолдол гарсан. Тэр үед манайх сөрөг бүлгийн цустай донороо дуудаад ирсэн. Ер нь цусны алба сайн эмнэлгийн мэргэжилтний буянаар тогтдоггүй. Донор гэдэг хүний буянаар ажил үйлс нь дэлгэрч явдаг. Сөрөг бүлгийн цус эмэгтэйчүүдэд их байна. Төрөх насны эмэгтэйчүүд төрөх үед цус олдохгүй байх магадлал байгаа учраас 3-4 эхийг хотод төрүүлсэн тохиолдол гарсан.

Ховор бүлгийн цус эмэгтэйчүүд их байгаа учир зайлшгүй цусны бүлэг тогтоож байна. 10000 хүнийг хамарсан судалгаа хийхэд маш их хөдөлмөр зарцуулсан. Газар нутгийн байршлаар тогтоохоор сөрөг буюу ховор бүлэг маань бүх аймгийн хэмжээнд тархалттай биш харагдсан. Орхон голын голдрил дагуу энэ цусны бүлэг хүмүүс тодорхойлогдоод байгаа. Монгол Улсын гавьяат багш Ш.Шийтэр энэ судалгааны газар нутгийн байршлыг хараад их сонирхсон. Энэ газар нутагт ямар овог аймаг оршин тогтнож байсан, одоо ямар хүмүүс амьдарч байгааг судалж тогтоомоор ажил болсон. Яагаад ийм эмэгтэйчүүд байгаа талаар судалж тогтоох шаардлагатай байгаа гэж боддог.

Бага эмч судалгаа хийгээд яваад байгаа болохоор эрүүл мэндийн байгууллага дэмжихэд хэцүү асуудал байгаа байх. Бугат сумын Хужирын голын долоон хүүхэдтэй айлын нэг хүүхэд сөрөг бүлгийн цустай гарахаар нь очиж үзсэн. Сураглаад нүүдэл хийж байхад нь пад трактор дээр суугаад очиж байлаа. Тэдний төрсөн хүүхдүүдээс нь бас сөрөг бүлгийн цус тодорхойлогдож байсан.

- Та нарын буянаар олон хүмүүс амь аврагдсан нь мэдээж. Эмч нарт л талархаж байгаа харагддаг.

- Нэг залуугийн бие маш хүнд бараг найдваргүй гэж манай эмнэлэгт байсан. Манайх цусны ялтсын өтгөрүүлэг гэсэн бүтээгдэхүүн бэлтгэдэг. Түүнийг хэрэглээд цус алдалт тогтсон. Энгийнээр хэлэхэд ходоодыг оёсон юм шиг имхэрдээд эдгээсэн байсан гэсэн. Улаанбаатар хотоос ирсэн эмч нар танай аймагт ийм бүтээгдэхүүн хийдэг юм уу гэж байсан юм. Тэр залуу одоо ажил амьдралтай сайхан өвөө болсон гэнэ лээ. Бид бараг хагас жилд бэлддэг цусаа өгч байсан. Цаг уур, орчны шинжилгээний төв, цагдаагийн газар, банкныхан ирж цусаа өгч байлаа. Би тэр залууд “манай эмнэлгийнхэнд баярлалаа гэж хэлэх яах вэ маш сайхан сэтгэлтэй хүмүүсийн халуун цусаар амьдарсан шүү, тэр бүгдэд баярлаарай” гэж хэлсэн.

- Донор байна гэдэг их буянтай бас хариуцлагатай байх аа.

- Тийм тал бий. Манай донорууд дуудахад хэзээ ч хүрээд ирдэг нь бахархмаар байдаг. Нэг удаагийн цус авалтаар гурван бүтээгдэхүүн хийж, гурван хүний амь авардаг.

Донор их буян үйлддэг. Сайхан сэтгэлийн буянаар л цусны алба оршин тогтож байдаг.

- Цусны хэрэглээний талаар судалж үзсэн үү?

- Цусны албанд мэдээллийн нэгдсэн сан үүсгэх бодолтой ямар үед цус илүү хэрэгтэй байна гэдгийг судалж үзлээ. Жил бүрийн 2, 5, 9-р сард цус сэлбэлт хийдэг нь 20 жилийн судалгаагаар батлагдаж байна. Сэхээн амьдруулах, мэс заслын тасгийн 14 жилийн судалгааны нэгдсэн сан бүрдүүлсэн. Эндээс бас эмзэглэмээр асуудал ч харагдсан шүү.

Сүүлийн 14 жилийн хугацаанд цус сэлбэсэн хүмүүсийн 60-65 хувь эрчүүд байна. Бусад нь эмэгтэйчүүд. Тэгэхлээр эрчүүдийн асуудалд анхаарах хэрэгтэй болж. Бид “Охидын эрүүл мэнд”, “Охидын нөхөн үржихүй” гэж их ярьж байгаа. Гэтэл эрчүүдийн талаар юу ч мэдэхгүй.

Цус сэлбэлт эрчүүд их байсан. Ийм судалгаа хараад энэ талаар анхаарлаа чиглүүлж үзлэг шинжилгээ, сургалт судалгааны ажил хийх нь зүйтэй гэж бодогдож байна.

Алган дээрээсээ алдсан амь бүхний араас бүх л сэтгэлээрээ нурж, гэр бүлийнхнээс нь илүү зовниж салдаг. Амьдрал бэлэглэсэн нэгд баярладаг. Энэ л бидний бахархал. Бидний тусламж хэрэгтэй нэгэнд ямар ч ажилтай байсан орхиод ирдэг. Ээж маань нас бараад гэртээ дөнгөж иртэл “чи хаана байна, ялтсын өтгөрүүлэг хэрэгтэй” гэсэн. Би тайлбар тавих эрхгүй л очиж байсан. Өөрийнхийгөө аварч чадаагүй ч өрөөлийг аврахын төлөө эмнэлгийн ажилтнууд ажилладаг.

          - Ярилцсан танд баярлалаа.

Холбоотой мэдээ