"Азийн ардын урлагийн наадам"-ын шагналтнууд тодров

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-06-17 16:38:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Азийн ардын урлагийн их наадам” анх удаа Монгол Улсад болж, өчигдөр  буюу энэ сарын 16-нд шилдгүүдээ тодруулсан. Таван өдөр үргэлжилсэн Азийн язгуур урлагийн наадмын “Гран при” шагналыг Дорнод аймгийн театрын уран бүтээлчид хүртсэн бол дэд байрт БНСУ-ын уран бүтээлч, гутгаар байрт Өвөрмонголын уран бүтээлчид шалгарлаа.

Мөн  язгуур урлагийн төрөлд “Алтай” хамтлаг тэргүүн байр эзэлсэн байна.


Улаанбаатар хотноо энэ сарын 12-16-нд болсон тус наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Франц, Турк, Энэтхэг, ОХУ зэрэг 12 орны 200 гаруй ардын авьяастан оролцож Монгол орны соёлын их өвтэй танилцлаа. Азийн ардын урлагийн их наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүж, авьяасаараа шалгарсан ардын авьяастнуудад  1000-4000 еврогийн шагнал хүртээв. 



Улаанбаатар хотод анх удаагаа болсон тус  наадмын хүрээнд “Соёл урлаг-Үндэсний дархлаа” хүндэтгэлийн тоглолт, Ардын урлагийн фестиваль, шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтууд олны сонирхлыг татаж өдөр бүр үзэгчээр дүүрэн байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх наадмыг ивээлдээ авсан нь ч ач холбогдлыг өндөрт өргөж, үр дүнтэй боллоо гэж наадмын комисс талархлаа илэрхийлэв. Энэ наадмыг жил бүр Улаанбаатарт хийнэ, ивээн тэтгэнэ гэсэн Ерөнхий сайдын үг ч урам нэмлээ гэж орон орны ардын авьяастнууд ярьж байв.


Холбоотой мэдээ