Иогийг амьдралын хэв маяг болгохыг уриалав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-06-17 15:38:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Модигийн санаачилга, НҮБ-ийн дэмжлэгээр жил бүрийн зургадугаар сарын 21-ний өдрийг Олон улсын иогийн өдөр болгосон. Эл өдрийг Монгол дахь Энэтхэг улсын ЭСЯ тав дахь удаагаа энэ сарын 17-нд тав дахь удаагаа Сити их сургуульд тэмдэглэлээ.


Уг өдрийг нээж БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, УИХ гишүүн Б.Ундармаа, Б.Саранчимэг, НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, Сити их сургуулийн захирал Ц.Байгалмаа нар Энэтхэг улсын уламжлалын дагуу сайн сайхныг бэлгэдэж зул асаав.


Түүний дараа Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэндчилгээ дэвшүүлснийг дэлгэцээр үзүүллээ. Тэрбээр “Иог нь одоогийн завгүй нийгэмд стрессгүй амар амгалан амьдрах боломж олгохын зэрэгцээ дэлхийг нийтийг нэгтгэсэн том соёл болжээ” гэдгийг онцлоод бүх нийтийн дунд иогийг дэлгэрүүлэхийг уриаллаа. Мөн энэ үеэр түүний иогийн өдөрт зориулан гаргасан энимэйшн хувилбараар иогийн үндсэн дасгал зааж буй бичлэгийг сонирхуулсан юм.


Энэтхэг улсын элчин сайд М.П.Сингх хэлэхдээ, “Эртний Энэтхэгийн өв болох иог нь бие махбод, оюун ухаан, сэтгэлийн тэнцвэрийг бий болгож бие, сэтгэлийг нарны гэрэл мэт тайвшруулдаг. Иогийн дасгалыг цаг агаараас үл хамааран, гэртээ, ажил дээрээ гээд хүссэн газартаа хийж болно. Иог хийхэд ямар ч зардал гарахгүй, бүх насныхан, ганцаараа, олуулаа ч хийхэд тохиромжтой. Тиймээс иогийг хүн бүр амьдралынхаа хэв маяг болгохыг уриалж байна” гэв.


Энэ үеэр Монголын иог сонирхогчид иогийн дасгал хийснээс гадна Энэтхэгийн цагаан хоолны наадам зохион байгуулав. Иогийн дасгал хийсэн хүн хөнгөн хоол идэх хэрэгтэй гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.


УИХ-ын гишүүн Б.Ундармаа, ”Монгол Улсад 2015 онд 15000 иргэн  иог хийж, дэлхийн хөгжлөөс хоцордоггүй, энэ том соёлын нэг хэсэг нь гэдгээ баталсан түүхтэй. “Иог” гэдэг үг нь эвлэлдэн нэгдэх гэсэн утгатай.  Иогийн дасгал хийсэн хүн  оюун санаа, бие сэтгэлээрээ байгаль дэлхийтэйгээ нэгдэн, өөрийгөө сөрөг зүйлээс чөлөөлдөг. Монгол Улсын иргэд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш маш их стресстэй байна. Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хүн бүхэн эрч хүчтэй байх ёстой. Тиймээс иогоор хичээллэдэг хүмүүс эргэн тойрныхондоо нөлөөлж хүн бүрийг иогчин болгоё” гэсэн юм.


Загвар өмсөгч, иогийн багш Д.Пүрэвсүрэн иогоор хичээллээд 6 жил, багшлаад гурван жил болж байгаа аж. Тэрээр, “Иогийн ач тусыг яриад баршгүй. Иогоор хичээллэхэд эрүүл амьдралтай болохоос гадна танилын хүрээ өргөждөг. Хүмүүс ихэвчлэн “Би өмнө нь иогоор хичээллэж байгаагүй, одоо хичээллэж болох уу?” гэж асуудаг.  Бүх иогчид тэг цэгээс л эхэлдэг. Тийм учраас огтхон ч санаа зоволгүй иогоор хичээллэж эхлээрэй гэж зөвлөе. Иогоор хичээллэж эхэлснээс өмнөх болон дараах амьдрал гайхалтай өөр байдаг. Хэсэгхэн хугацаанд иогоор хичээллэсэн хүмүүс өвчин нь илааршиж, эмээ уухаа больсон гэхчлэн сайн үр дүн гарсан талаараа хэлдэг. Тиймээс айл бүрт иогчин байгаасай гэж хүсэж байна” хэмээн ярилаа.


Иогийн өдөрт Монгол дахь Энэтхэгийн ЭСЯ, Амьдрах ухаан ТББ, Монголын Иогийн холбоо, Спорт, агаарын иогийн холбоо болон бусад сонирхогчдоос бүрдсэн 300 гаруй хүмүүс оролцов.


М.Батчимэг 






Холбоотой мэдээ