Хүүхдэд ээлтэй гудамж бий болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 6 дугаар багт хүүхдэд ээлтэй гудамжийг бий болгоод байна.
Тус багийн Жаал уул хорооллын нэг, хоёрдугаар гудамжны 20 гаруй айл тус багийн Засаг дарга Ц.Дэнээдоржийн санаачилгаар санал нэгдэн нэг гудамжаараа машин явуулахгүйгээр хорьж хүүхдийн тоглоомын талбайг бий болгосон байна. Нэг эгнээний өрхүүд хашааныхаа хот талд машин ордог хаалгаа гаргаж ийн бяцхан үрсээ аюулгүй орчин тоглож наадан өсөн торних боломжийг бүрдүүлжээ. Мөн тухайн өрхүүд энэхүү гудамждаа 100 ширхэг мод тарьж байгаа юм байна. Гэр хороололд ч гэсэн ийнхүү иргэд санал нэгдвэл хүүхдэд ээлтэй орчинг бий болгож болдгийг ийнхүү харууллаа.
Уг гудамжны ахлагчаар Б.Пүрэвжав хариуцан ажиллаж байгаа аж. Тус багаас Их уул хороололдоо дахин хүүхдэд ээлтэй гудамж бий болгохоор төлөвлөж байгаа юм.