Японы Хитоцубаши их сургуультай МУИС хамтран ажиллана

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-06-19 10:34:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар Японы Хитоцубаши их сургуулийн Ахисан түвшний хуулийн сургуулийн дэд захирал профессор Ямада Ацуши, профессор Ванг Юнхай нарыг  хүлээн авч уулзлаа


Уулзалтын эхэнд, профессор Ямада Ацуши Хууль зүйн сургуульд Азийн хууль зүйн их, дээд сургуулийн захирлуудын форумд оролцож байгаа дурдаад, цаашид хоёр сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв.

Захирал Я.Төмөрбаатар Япон Улсдаа нэр хүнд бүхий сургуультай хамтран ажиллахад бэлэн хэмээгээд МУИС болон Японы их дээд сургуулийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Хитоцубаши их сургууль хууль болон бизнесийн чиглэлээр Япондоо хамгийн шилдэг сургалт явуулдаг талаар профессор Ямада Ацуши онцоллоо. Уулзалтаар талууд хичээлийн шинэ жил эхлэх үед хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах талаар нэгдсэн саналд хүрсэн байх талаар тохиролцов.

Уулзалтад МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал профессор Ч.Лодойравсал, ХЗС-ийн захирал профессор Ж.Эрдэнэбулган болон ХАХ-ийн дарга Ш.Мэндбаяр нар байлцлаа.


Холбоотой мэдээ