Байгалийн баялаг ард түмний өмч гэж хуульчлахыг шаардав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-19 19:40:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдулан ард түмнийг байгалийн баялагтаа эзэн байхаар хуулийн төсөлд тусгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдээс шаардаж байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд Иргэний зориг, ногоон нам /ИЗНН/-аас өнөөдөр мэдээлэв. 


ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг хэлэхдээ, “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа, бүх нийтийн санал асуулгын үндсэн дээр, улс төрийн хүчин, иргэний байгууллагын зөвшилцлийн дүнд, ард түмний язгуур эрхийг хамгаалах ёстой. Гэвч энэ хуулийн өөрчлөлт нь ядуурсан иргэдийнхээ эдийн засгийн эрх чөлөөг хангахад чиглэгдсэнгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд нам бүлэглэлийн эрх мэдлийн төлөөх улайрал тэмцэл нэвт шингэж, ард түмний эрх ашиг хөсөр хаягджээ. Иргэн баян бол улс баян гэж ярьдаг. Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялаг төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Энэхүү заалтын “төрийн өмч” гэдгийг “ард түмний өмч” гэж оноосон нэрээр солихыг шаардаж байна. Ингэснээр, төр засаг байгалийн баялагтай холбоотой аливаа шийдвэр гаргахдаа, ард түмнээсээ асуудаг байх эрхийг баталгаажуулах юм” гэв. 


Тэрбээр цааш ярихдаа, “Эрнст Янд гэх судлаачийн тооцоолсноор, Монгол Улсын зэсийн нөөц 306 тэрбум ам.доллар, нүүрс 128 тэрбум ам.доллар, алт 62 тэрбум ам.доллар зэрэг нийт 1.3 их наяд ам.долларын байгалийн баялагтай. Үүнийг Монгол Улсын 3.2 сая иргэнд хуваахад, нэг хүнд дөрвөн сая ам.доллар ногдож байна” хэмээн тодотгов. 


ИЗНН-ын дэд дарга Б.Батбаатар, “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа, ард түмний саналыг авсан нэрийн доор зарим саналыг орхиж байгаа нь ажиглагдаж байна. Монгол Улсын баялаг ард түмний өмч болсноор, Тавантолгой, Цагаансуварга, Тосонбумба зэрэг ордыг ашиглахдаа төр ард түмнээс асуух хэрэгтэй болно. Энгийн жишээ ярихад, Эрдэнэт үйлдвэр нь ард түмний өмчит үйлдвэрийн газар гэсэн статустай болж, ажиллах зарчимд тэс ондоо өөрчлөлт гарна.  Тиймээс та бүхэн энэхүү шаардлагыг дэмжиж, уриалахыг хүсэж байна” хэмээв.


Холбоотой мэдээ