Баянзүрх дүүрэгт шинэ сургууль, цэцэрлэгийн шав тавив

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-06-19 18:47:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

 

Шав тавих үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэд, сурагч багачууд, багш сурган хүмүүжүүлэгчдийн хувьд өнөөдөр түүхэн өдөр болж байна. Энэ сургуулийн газрын асуудал олон жил яригдаж ирсэн. Төсөв нь батлагдаад гүйцэтгэгч компани шалгарсан байхад газар нь шийдэгдээгүй гурван жил болсон. Өнөөдөр газрын асуудлыг шийдэж, барилгын шавыг тавьж байна. Гүйцэтгэгч компанийн хувьд асар өндөр хариуцлага ирж байна. Энэ ондоо багтааж сургуулийн байрыг ашиглалтад оруулах хэрэгтэй. Нийслэлээс бүх асуудлыг шийдэж өгсөн” хэмээв.

 

Түүнчлэн нийслэлээс гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2019 ондоо багтааж хоёр ээлжтэй болгох зорилт тавин ажиллаж байгаа аж. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 73 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг барьж хүртээмжийг 85 хувьд хүргэх, 33 сургуулийг шинээр барих, найман спорт заалыг барих гэх мэт төслийг хэрэгжүүлж байгаа талаараа тэрбээр хэлсэн үгэндээ онцлов.

 

Ийнхүү Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн газрын асуудлыг шийдсэн захирамж гаргаснаар барилгын ажил нь удахгүй эхэлж, тус сургуульд суралцдаг 1540 хүүхэд болон энэ онд нэгдүгээр ангид шинээр элсэн орох 680 орчим хүүхэд, багачуудын сурч хөгжих нөхцөл бүрдэхээр боллоо.

 

Ёслолын ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар болон БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын холбогдох албан тушаалтнууд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн төлөөлөл, 133 дугаар сургуулийн багш ажилтнууд оролцов.


Холбоотой мэдээ