Дундговь аймагт 100 ортой эмнэлэг шинээр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-20 13:46:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ жил Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дундговь аймагт хэд хэдэн шинэ бүтээн байгуулалт хийхээр болсны нэг нь 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилга юм. Энэхүү барилгын ажлыг өнөөдөр зургаадугаар сарын 19-ний өдөр эхлүүллээ.  

100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилга нь 8,75 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд 2019-2020 онд барина. Эхний жилд 2,5 тэрбум төгрөг, 2020 онд үлдсэн санхүүжилт хийхээр төлөвлөсөн ажээ.

Дундговь аймгийн хэмжээнд жилдээ 11,0 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг бөгөөд өвөл, хаврын улиралд тус эмнэлэг ачааллаа дийлэхгүй нөхцөл байдалд хүрдэг.

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 75 ортой хүүхдийн эмнэлгийн зориулалтаар барьсан барилгад үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд МХГ-ын улсын байцаагчийн 2017 оны зургадугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр тус эмнэлгийн барилга, “их эрсэлдэлтэй” гэж үнэлэгдсэн байдаг.

Мөн МХЕГ-ын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт шинжилгээний төвийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр агаарын хэм, шуугиан, гэрэлтүүлэг, химийн хүчин зүйлийн үзүүлэлтүүд нь эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээний шаардлагыг хангахгүй, чийглэг 18,3-21,4 хувь, агаарын урсгал 0,06-0,16 м/с-ээр бага байгаа нь тогтоогджээ.

Тус эмнэлгийн барилга нь агааржуулалтын систем муу, дулааны алдагдал ихтэй, цэвэр бохир усны болон дулааны шугам нь хуучирч муудсан, барилгын дээвэр дусаал гоождог, өрөө тасалгаа нь хүрэлцдэггүй байдалтай байгааг Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд нэг бус удаа танилцуулж байсан юм.

Харин энэ асуудлууд ийнхүү шийдэгдэж, аймгийн Нэгдсэн эмнэлэг 2020 он гэхэд шинэ барилгатай болох ажээ. 

Холбоотой мэдээ