Канадад ойн түймрийн улмаас 9000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2019-06-20 15:10:41

ОТТАВА. /TASS/. Канадын баруун нутгийн Альберта мужид ойн түймэр дэгдсэний улмаас 9000 гаруй хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрсэн тухай тус мужийн гал түймэртэй тэмцэх алба мэдээлжээ.


Альберта мужид тавдугаар сарын дундуур ойн түймэр дэгдсэн бөгөөд халуун, хуурай цаг агаарын улмаас түймэр түргэн тархаж унтраахад хүндрэлтэй байгаа аж. Одоогийн байдлаар галт түймрийн 27 голомт бүртгэгдсэн байна. Зөвхөн сүүлийн 24 цагийн дотор гэхэд 10 түймэр шинээр дэгджээ.


Альберта мужийн гал түймэртэй тэмцэх албанаас мэдээлснээр, ойн түймэртэй тэмцэхэд Британийн Колумб, Шинэ Шотланд болон Онтарио мужийн 1200 гаруй гал сөнөөгч оролцож байгаа бөгөөд 100 орчим тусгай техник хэрэгсэл ашиглаж байна.


Түймрийн улмаас Альберта мужийн хэдэн арван хотын иргэдийг, тухайлбал, Хай-Левел хотын 4000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Нүүлгэн шилжүүлэх ажиллагааг тавдугаар сарын сүүлээр эхлүүлжээ.


Холбоотой мэдээ