Д.Цогтбаатар: Терроризмтой тэмцэхэд шашин хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-20 15:19:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Терроризмтой тэмцэхэд тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, улс орнуудын сайн туршлагыг хуваалцах зорилго бүхий “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд бүх нийгмийг хандуулах" дээд хэмжээний бага хурал Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ.


Хоёр өдөр үргэлжлэх энэхүү хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газар, НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, Тагнуулын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй юм. Хуралд Ази, Европын улс орнууд болон олон улсын байгууллагуудын 180 гаруй төлөөлөгч оролцож байна.


Олон улсын энх тайвныг бэхжүүлж, аюулгүй байдлыг сайжруулахын тулд иргэдийн боловсролыг дээшлүүлэх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, хуулийн засаглалыг бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлага тулгарч байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хурлын нээлтийн үеэр онцлов.


Шашин бол хүн төрөлхтний оюуны хөгжлийн томоохон хэсэг бөгөөд иргэдийг энх тайвнаар оршиход дагуулах үүрэгтэй. Гэвч өнөөгийн ертөнцөд шашинтай холбоотой зөрчил бий болж байгаа юм. Тиймээс улс орнууд шашин хоорондын зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэхэд анхаарч, харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал. Их эзэн Чингис хааны үед Их Монгол Улсад Бурханы, Христийн болон Исламын шашинтай хүмүүс энх тайвнаар хамт оршин тогтнож байсныг түүх гэрчилдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар иш татаад, эдүгээ ч Монгол Улс Үндсэн хуулиндаа дээрх үзлийг уламжлан хадгалж буйг хэллээ. Монгол Улсад Бурханы шашны 134 хийд, Христийн 196 сүм, Исламын 26 моск, бусад шашны 10 байгууллага ажиллаж байгаа нь үүний тод илрэл юм хэмээв.


Тэрбээр, “Терроризмтой тэмцэхэд залуучуудын оролцоог хангах нь туйлын чухал. Улс орнууд ч залуучуудаа бодлого боловсруулах ажилдаа оролцуулах, хөгжүүлэх оновчтой ажил өрнүүлэх зорилго тавих болсон. Монгол Улс хоёр жилийн өмнө Залуучуудын хөгжлийг дэмжих хууль баталсан. Залуучуудаас терроризмтой тэмцэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх олон шинэлэг санал гарна гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн улс орнууд хар тамхитай тэмцэхэд анхаарч, хамтран ажиллах шаардлагатай. Тодуулбал, хар тамхи хэрглэж мансуурснаас үүдэн иргэд хүчирхийлэл үйлдэх нь элбэг. Нөгөөтэйгүүр хар тамхины наймаанаас олсон хууль бус орлогоор терроризмыг санхүүжүүлж байгааг мартах ёсгүй” гэсэн юм.


Монгол Улс дэлхий нийтийн өмнө нээлттэй байж, аюулгүй байдал, энх тайвныг тогтоох санаачилга гарган ажиллаж байгаад талархаж буйгаа ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга Томас Гремингер илэрхийлэв.


Тероризмтой тэмцэхэд улс орнууд зөвхөн хууль батлаад өнгөрөх нь үр дүнгүй байгаа бөгөөд төр засаг, иргэний нийгмийн байгууллагууд, гэр бүл, эмэгтэйчүүд, залуучуудыг татан оролцуулах нь чухал байгааг ноён Том Гремингер онцлоод, “Дэлхий нийтэд энх тайвныг цогцлооход улс орнуудыг хамтын ажиллагаа, харилцан ойлголцол ихээхэн түлхэц үзүүлнэ. Тиймээс манай байгууллага ч улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор уулзалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулж ирсэн” хэмээв.


Мөн үеэр НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны орлогч даргын мэндчилгээг тус албаны Бодлого, мэдлэгийн менежмент ба зохицуулалтын хэлтсийн дарга Мухаммад Рафиуддин Шах танилцуулав. НҮБ-аас терроризмтой тэмцэхийн тулд анхаарах гол таван зүйлийг тодорхойлсан байна. Үүнд, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогын хүртээмжийг нэмж, төрийн бодлогоос хэн нэгнийг үлдээхгүй байх нь чухал хэмээн үзжээ. Түүнчлэн нийгмийн хамгийн эмзэг бүлгүүдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг бүлгүүд нийгмийн эмзэг бүлгийг өөрийн муу ажилдаа татан оруулах тохиолдол их байдаг аж. Тиймээс алслагдсан бүс нутгийн эмзэг бүлгийн иргэдийг нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх нь чухал. Улмаар залуучуудын санал, санаачилгыг дэмжих, оролцоог хангахыг анхаарах зүйлсийн жагсаалтад оруулсан байна. Түүнчлэн терроризмын хохирогчдод тусламж олгох нь чухал гэдгийг дурджээ.


Хурал үргэлжилж байна.

Холбоотой мэдээ