Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудсыг өнөөдөр тарааж байна

Монголын мэдээ | Боловсрол
183@montsame.mn
2019-06-22 14:26:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ энэ сарын 20-ны өдөр дуусаж, өчигдөр шалгалтын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг Боловсролын үнэлгээний төвийн сайтад бүрэн байршуулжээ. 

Шалгуулагчдын ЭЕШ-ын батламж хуудсыг өнөөдрөөс /2019.06.22/ эхлэн тарааж байна. Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас батламж хуудсаа авах бол орон нутгийн шалгуулагчид батламж хуудсаа аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс авна. Харин нийслэл хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авах боломжтой. 

Зөвхөн өөрийнхөө дүн оноог харах бол бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хаягийн шалгуулагчийн булангаар нэвтэрч харах боломж байна. Анх удаа шилэн технологи ашиглан шалгуулагчдын дүнг гаргасан энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 18130 шалгуулагч бүртгүүлсний 80.2 хувь нь энэ оны төгсөгч 19.8 хувь нь өмнөх оны төгсөгч байжээ.


Холбоотой мэдээ