Туул голын онцгой хамгаалалтын бүст хяналт шалгалт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-06-24 15:12:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Туул голын онцгой хамгаалалтын бүс, барилга угсралт болон хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн талаар өнөөдөр танилцууллаа.


Туул голын онцгой хамгаалалтын бүсэд 250 иргэн, ААН зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байснаас 12 иргэн, ААН-ийг одоогийн байдлаар татан буулгасан байна. Шалгалтаар 165 зөрчил илрүүлж 71 буюу 43 хувийг газар дээр нь шийдвэрлэжээ. Хууль дүрэм журам зөрчсөн иргэн, ААН-ыг Газрын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу нийт 46 сая төгрөгөөр торгожээ.  Цаашлаад тухайн бүсэд газар ашиглах гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшил газраа 2-оос дээш жил ашиглаагүй 44 иргэн, ААН-ийн газар эзэмших эрхийг хуулийн дагуу цуцлуулах тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Мөн барилга угсралт үерийн далан суваг, цахилгаан кабелын шугамын ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар холбогдох хууль тогтоомж, норм дүрэм, стандарт зөрчсөн ААН, 68 иргэнд нийт 309.5 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ.

Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг үерийн хамгаалалтын далан сувгуудад иргэд хог хаягдал, үнс нурам зэргийг хийсэн зэргээр 60 гаруй зөрчил илэрчээ. Шалгалтаар УБ хотод 753 айл өрх үерийн аман дээр суурьшиж байгаа бөгөөд 100 жилд  нэг удаа тохиолдож болох үерт нийт 47 хорооны 6696 өрх айлын 26784 хүн өртөж болзошгүй байна. Энэ нь УБ хотын нийт хүн амын 2.23 хувь аж. Үүнээс гадна 400 гаруй км хатуу хучилттай авто зам байдгаас 30 гаруй хувь нь борооны ус зайлуулах системгүй гэхчлэн барилга угсралт, үерийн далан суваг, цахилгаан кабелын шугамын ашиглалтын байдалд хийсэн шалгалтаар 2168 зөрчил илрүүлж, 1054 зөрчлийг шийдвэрлэжээ.

Иймд харьяа хороо, дүүргүүдийн засаг дарга нарт зөрчлийг арилгуулах үүрэг хүргүүлэн, хяналт тавин ажиллаж байгаа аж.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар НМХГ-ын шуурхай албаны 70128012 тоот дугаарт хөдөлмөр аюулгүй байдал хангаагүй тухай 48 гомдол, мэдээлэл ирсэн байна.

Үүний дагуу нийт 144 зөрчил  илрүүлэн, зөрчлийн тухай хуулиар 30 ААНБ, албан тушаалтанд 29 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.



Б.Ариунтуяа

Холбоотой мэдээ