2026 оны Өвлийн Олимп Италид болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2019-06-25 10:31:13

РОМ. /Reuters/. Италийн Милан, Кортина д'Ампеццо хот 2026 оны Өвлийн Олимпын наадмыг хамтран зохион байгуулах эрхийг авсан талаар Олон улсын олимпын хорооноос /ОУОХ/ даваа гарагт мэдээлжээ.


Энэхүү наадмыг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд Шведийн Стокхолм, Оре болон Италийн Милан, Кортина д'Ампеццо хот тунан үлдээд байсан юм. Даваа гарагт ОУОХ-ны гишүүдийн дунд явуулсан санал хураалтын үеэр Италийн хотууд 47 санал авсан бол Шведийн хотуудад 34 хүн саналаа өгчээ.


1956 оны Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулж байсан Кортина д'Ампеццо хот энэ төрлийн наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж буй нь энэ ажээ.


2026 оны Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтийг анх долоон хот гаргасны дунд Японы Саппоро болон Швейцарын Сион зэрэг хот багтаж байсан бөгөөд өнгөрсөн 10 дугаар сард Аргентинд болсон ОУОХ-ны уулзалтын үеэр Канадын Калгари, Шведийн Стокхолм, Оре, Италийн Милан, Кортина д'Ампеццо хот сонгогдсон байна. Харин Канадын Калгари хотын оршин суугчид Олимпын наадам зохион байгуулахыг дэмжээгүй юм. 



Холбоотой мэдээ