Энэтхэгийн хотуудын газар доорх ус дуусаж байна

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-06-25 12:27:31

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгийн Шинэ Дели, Бангалор, Ченнай, Хайдарабад зэрэг 21 хотын газар доорх усны нөөц 2020 он гэхэд дуусаж, 100 сая орчим хүн нэрвэгдэх төлөвтэй байгаа талаар тус улсын Үндэсний шинэчлэлтийн институтийн тайланд мэдээлжээ.


Уг тайланд дурдсанаар, 2030 он гэхэд Энэтхэгийн хүн амын 40 хувь ундны усгүй болох аюул нүүрлээд байгаа ажээ. Одоогийн байдлаар Ченнай хотод гурван гол, дөрвөн усны эх, таван намаг ширгэсэн байна.


“Усаа хэмнэж, газар доорх усны түвшинг нэмэгдүүлэхэд Засгийн газар, ард түмэн хувь нэмрээ оруулах хэрэгтэй” гэж Үндэсний усны академийн тэргүүн асан, профессор Манохар Хушалани хэлжээ. Мөн тэрбээр, борооны усыг хураахад хэцүү хийгээд өртөг өндөр биш тул хэн бүхэн бүлгээрээ хамтарч эсвэл бие даан хийх боломжтой. Бид ирээдүй хойчдоо илүү их санаа тавьж, тэдний өмнө үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй гэж нэмж хэлжээ.


М.Хушалани борооны ус хураах байгууламжийг өөрийн амьдардаг газартаа 2003 онд байгуулсан бөгөөд бүс нутгийнхаа газар доорх усны түвшинг нэмэгдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ