"Торгоны зам" авто ралли Монголын газар нутгаар долдугаар сард дамжин өнгөрнө

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-06-26 16:16:32

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Торгоны зам” олон улсын авто ралли уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд тус уралдааны зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж, орон нутгийн иргэдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалж, ажиллахыг холбогдох аймгуудын Засаг дарга нарт даалгажээ. Энэ дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат тэргүүтэй ажлын хэсэг хуралдаж уралдааны үеэр ажиллах “Орон нутгийн бэлтгэл ажлын төлөвлөгөө”-г гаргаж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгасан байна.

“Торгоны зам” авто ралли уралдааныг 2009 оноос хойш жил бүр зохион байгуулж эхэлсэн аж. Тус уралдааныг ОХУ-Казакстан-БНХАУ гэсэн чиглэлээр зохиодог байсан бол 2018 онд ОХУ болон БНХАУ гэсэн чигэлэлээр зохиожээ. 2019 оны тухайд Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн чиглэлд зохиохоор болсон байна.

2019 оны авто ралли ОХУ-ын Эрхүү хотоос эхэлж Хятадын Дунхан хотод дуусах ажээ. Энэ жилийн тухайд  "Торгоны зам" олон улсын авто раллиг 2019 оны 7 дугаар сарын 6-16-ны өдрүүдэд зохион байгуулна. Орос, Монгол, Хятад 3 улсын 5007,96 км замыг туулж уур амьсгалын таван бүсийг гатлах ажээ.

Раллигийн тусгай үе шатуудын нийт зай нь 2593,15 км байх бөгөөд Монголын өргөн уудам нутгаар Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Өмнөговь гэсэн маршрутаар 3 өдөр уралдах бөгөөд байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөл, хүн амын нягтаршил бага, нүүдлийн ахуй соёл, зэрлэг ан амьтны хөдөлгөөн зэрэг нь шууд дуранд буудаг аж.

2017 онд энэхүү уралдааныг 143 хэвлэл мэдээллийн баг 196 улсад дамжуулсан нь уралдаан болон уралдаан болж буй бүс нутгийн талаар томоохон сурталчилгаа болж, аялал жуулчлал нэмэгдэх том боломж бүрддэг байна.

Дашрамд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 02 дугаар сард “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааныг зохион байгуулах ОХУ болон Монголын талын ажлын хэсгийн уулзалтад оролцсон. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга авто раллигийн уралдааны аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах ёстойг сануулж, “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаанд зохих хэмжээнд анхаарал хандуулж ажиллахаа холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлага, ажлын хэсгийнхэнд  илэрхийлсэн байна.

 

Холбоотой мэдээ