Намуудын санхүүжилтийг бодит, ил тод болгох талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-06-26 15:54:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигын эсрэг “Шилэн нам” түншлэл болон “Транспэрэнси интернэшнл Монгол” ТББ-аас өнөөдөр АТГ-тай хамтран Европын холбооны дэмжлэгээр Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлгээр улстөрийн намын хариуцлага, санхүүжилт, хяналтын тогтолцооны талаар илүүтэй хөндөж байв. “Улстөрийн намын санхүүжилт” сэдвээр илтгэл тавьж оролцсон ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга хэлэхдээ, “Улстөрийн намуудыг төрөөс санхүүжүүлэхтэй санал нийлж байна. Төрөөс санхүүжүүлээд явах юм бол хяналтын тогтолцоог хамт оруулж өгөх хэрэгтэй байна. Хяналт чанга байх ёстой. Бусад намынхны яриад буй шиг улстөрийн бүх нам санхүүжилт авна гэж бодохгүй байна. Сонгуульд оролцоод тодорхой босгыг давсан бол санхүүжилт авах эрхтэй байх саналыг дэмжиж байна.

Харин одоо байгаа намууд хэд хэдэн төгрөгийн санхүүжилт авах байгааг тоогоор гаргаж ирэн, олон нийтэд ил тод харуулах хэрэгтэй. УИХ-ын сонгуульд авсан санал, парламент дахь гишүүдийн тоогоор хэдий хэмжээний санхүүжилт авч буй бодитой мэдээлэл өгч байж хуулийн төсөл цаашаа явна” гэв.

Хэлэлцүүлэгт оролцогч “Эмэгтэй удирдагч сан” ТББ-ын тэргүүн М.Болормаа, “Намын хариуцлагыг тодорхой болгохоор заасан ч улстөрийн нам авлигаас ангид байх гэсэн байдал хуулийн төсөлд болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тодорхой харагдахгүй байна. Хуулийн төслийн намын чиг үүрэг гэдэг дээр “...Төрийн болон улстөрийн албан тушаалд томилох боловсон хүчин буюу хүний нөөцийг бэлтгэнэ” гэсэн хэрнээ намын үйл ажиллагааг хориглох гэсэн заалт дээр “...Төрийн буюу улстөрийн албан тушаалд хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн хоёр заалт хоорондоо уялдахгүй байна. Үүнийг яаж зохицуулах вэ.



Нөгөө талаар, өнөөдрийн манай улстөрийн нөхцөл байдал, системийн ялзрал уналт нь өөрөө бизнес эрхлэдэг мөнгөтэй хүмүүс улстөрд оролцох боломжийг өгсөн байгаа учир улстөрийн өнөөгийн тогтолцоогоо өөрчлөхийн тулд энэ хамаарлыг бууруулах талаар тодорхой бус байна. Төр, засгийн гишүүд бизнес эрхлэхийг хориглоно гэж заасан хэр нь бизнесээ эхнэр, хүүхдийнхээ нэр дээр шилжүүлчихээд цаана нь оролцоод байдаг энэ байдлыг яаж бизнесээс ангид байлгах талаар тодорхой зааж өгөх ёстой” гэсэн саналуудаа хэлж байв.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт АТГ, СЕХ зэрэг төрийн байгууллагууд, МУИС-ийн эрдэмтэн багш нар, МАН, МАХН, АН, МҮАН, ХҮН-ын удирдлага, төлөөлөл оролцлоо.

 

 Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ