Зимбабве улс заануудаа худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-06-26 16:23:21

ХАРАРЕ. /CNN/. Зимбабве улс ан амьтдынхаа тоо толгойг бууруулах зорилгоор зэрлэг заануудаа худалдаалах шийдвэрийг гаргасан гэж тус улсын Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва мэдэгджээ.


Зэрлэг ан амьтдын асуудлаарх Африкийн Холбоо болон НҮБ-ын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын дараа Э.Мнангагва сэтгүүлчдэд ийнхүү мэдээлжээ. Зимбабве улсын зааны тоо толгой 84 мянгад хүрсэн бөгөөд тус улс 50 мянган зааныг хоол хүнсээр хангах нөөц бололцоотой ажээ.


Африкийн зарим улс орон зэрлэг ан амьтдын тоо толгойгоо нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг Зимбабве улсын Ерөнхийлөгч онцлоод, бид зэрлэг ан амьтдынхаа заримыг худалдаж, заримыг хандивлахаар төлөвлөж байна гэжээ.


Э.Мнангагва заан худалдан авах боломжтой орноор Ангол улсыг нэрлээд, тус улсын минагүйжүүлсэн бүс нутгуудад заан нутагшуулах боломж бий гэдгийг онцолсон байна.


“Дайны улмаас Анголд маш олон газрын мина булагдсан бөгөөд олон амьтан зүүн нутгийг зорьсон. Иймээс бид Анголын эрх баригчидтай хамтран минагүйжүүлэх санхүүжилтийг босгож, тус улсад арслан, заан, одос үхэр өгөх боломжтой” гэж Э.Мнангагва хэлжээ. 

Холбоотой мэдээ