Умард Солонгост австрали оюутныг баривчилжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-06-27 12:33:24

МОСКВА. /Interfax/. БНАСАУ-д Австралийн иргэнийг баривчилсан тухай БНСУ болон Өрнөдийн хэвлэлүүд мэдээлжээ.


Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Австралийн Перт хотоос ирсэн 29 настай Алек Сиглиг Пёньянд баривчилсан байна. Тэрбээр Умард Солонгосын нийслэл хотод Ким Ир Сений нэрэмжит Их сургуульд Солонгосын уран зохиолын ангид магистрт сурдагаас гадна, тус улсад ирж буй гадаадын иргэдэд зориулж аялал зохион байгуулдаг аж.


Түүнийг баривчилсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, гурван сарын өмнө тэрбээр Умард Солонгосын нийслэл хотод дагах хүнгүй чөлөөтэй явж, дуртай газраа хоол идэх боломжтой тухай өгүүлсэн нийтлэлийг “The Guardian” сонинд зориулж бичжээ.


Умард Солонгост баривчлагдсан гэж мэдээлж байгаа Австралийн иргэний гэр бүлд консулын тусламж үзүүлж байна гэж Австралийн Гадаад хэргийн яам мэдээлсэн байна. “Юу болсныг бид яаралтай тодруулахаар ажиллаж байна” гэж мэдэгдэлд дурджээ.


Австралийн дипломат төлөөлөгчийн газар Пёньянд байдаггүй бөгөөд тус улсыг Умард Солонгост суугаа Шведийн Элчин сайдын яам төлөөлдөг байна.


Холбоотой мэдээ