Дэлхийн загас агнуурын өдрийг тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-27 15:42:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Загас агнуурын дэлхийн өдрийг 1985 оноос хойш жил бүрийн зургаадугаар сарын 27-ны өдөр тэмдэглэдэг.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын илтгэлээс үзвэл, загас үйлдвэрлэлийн хэмжээ 171 сая тоннд хүрчээ. Үүнээс, 151 сая тонн нь хүнсэнд хэрэглэх загас бол, үлдсэн 20 сая тонныг загасны тос, загасны гурил бүрдүүлж байна. Дэлхийн хүн амын загасны хэрэглээ өсөж, нэг хүнд ногдох загасны хэрэглээ жилд 20.3 кг хүрчээ. Энэ үзүүлэлт 1961 онд есөн кг байжээ. Дэлхийн загасны аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ 90.9 сая тоннд хүрснээс 87.2 хувийг нь тэнгис далайгаас бэлтгэсэн бол 12.8 хувийг цөөрмөөс бүрдүүлжээ. Загас агнуурын гол бүсэд Номхон далайн баруун хойд хэсэг ордог бөгөөд эндээс жилд 22.4 сая орчим тонн загас барьдаг  байна. Дэлхийн загас, загасан бүтээгдэхүүний экспорт 60 сая тоннд хүрсэн нь 1976 оны үзүүлэлттэй харьцуулбал даруй 2456 хувиар өсжээ. Энэ хугацаанд дэлхийн загас, загасан бүтээгдэхүүний  борлуулалтын хэмжээ найман тэрбумаас 143 тэрбум ам.доллар хүртэл нэмэгджээ. Загасны аж ахуйн салбар 120 сая хүнийг ажлын байраар хангаж байна.

Загас үйлдвэрлэлээр БНХАУ дэлхийд тэргүүлдэг бол Индонез улс хоёрдугаарт бичигдэж, АНУ, ОХУ, Перу эхний тавд багтдаг. Монгол Улсын хүнсний хэрэгцээнд загасны бүтээгдэхүүн ордог болсон ч, голдуу гадаадаас авчирч хэрэглэсээр байна. Монгол Улсын Хөвсгөл, Өгийнуураас загас бага хэмжээгээр олборлож, гар аргаар хатаасан цөөвтөр бүтээгдэхүүнийг захын худалдаанд гаргадаг. 


Холбоотой мэдээ