Нийслэлийн автозамыг бүсчлэн хуваах талаар санал авч эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаата /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний
хэт их ачааллыг бууруулах хүрээнд автозамыг А, В, С бүсчлэлд хуваахаар
төлөвлөн, бэлтгэлийг хангаж эхэллээ.
Бүсчлэлийн хувьд, Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн
торгуулиа барагдуулаагүй, автомашинаа тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт
хуваарийн дагуу оруулаагүй, эсвэл тэнцээгүй жолооч нар А, В бүсэд нэвтрэхгүй
байх зэргээр зохицуулахаар бэлтгэж байна. Мөн бүсчлэлээс хамааран төлбөр харилцан адилгүй
байхаар төлөвлөжээ. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүднээс Улаанбаатар
хотын замын хөдөлгөөний босоо, хэвтээ тэнхлэг дагуу экспресс автобус
үйлчилгээнд явуулах зэргээр зохицуулах юм.
Энэ ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон
нийтийн дунд санал асуулгыг явуулж байна. Иргэн та ЭНД дарж
саналаа өгнө үү гэж нийслэлийн
Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэв.
Судалгаагаар нийслэл
хотын авто машин хэрэглэгчид өдөрт нэг цагийг, жилд 45 хоногийг зам дээр
түгжирч өнгөрөөдөг
байна. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2
хувь нь зорьсон ажлынхаа гуравны нэгийг буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн
хариулсан байна.