Кёкүшюзан Д.Батбаяр: Түүний бие, хэл, сэтгэл нь Монголынх хэвээр

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-28 08:32:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч, зөвшөөрсөн байна.


Ерөнхийлөгчийн зарлиг хараахан гараагүй байгаа бөгөөд гарсан тохиолдолд Гадаадын иргэн харъяатын газарт хүргүүлж, тухайн хүсэлт гаргасан иргэнд зарлигийг хүргүүлж мэдэгддэг байна.

Хакүхо М.Даваажаргал нь Японы эзэн хааны цомыг 42 удаа хүртэж, дээд зиндаанд 1000 гаруй, Их аварга буюу Ёкозүна цолтой 800 гаруй давсан хосгүй амжилтын эзэн билээ.


Түүний иргэншлээ солих шийдвэрийнх нь талаар Кёкүшюзан Д.Батбаяр “Хакүхо М.Даваажаргал аварга Япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хэдийгээр ийнхүү Япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай ч, Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй юм. Сүмо бөхийн дэвжээний багш болсон манай Н.Цэвэгням, Б.Дашням болон Хавайн арлын бөхчүүд бүгд энэ замналаар явсан байдаг. Түүний энэ шийдвэр түр зуурынх бөгөөд төрсөн бие, төрөлх хэл, дотоод сэтгэл гурав нь Монголынх хэвээрээ үлдэж байгаа гэдгийг Монголын ард түмэн маань уужуу сэтгэл, холч ухаанаар хүндэтгэн аваарай” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн.

Холбоотой мэдээ