Паралимпын хөлбөмбөгөөр монгол хүүхдүүд хичээллэх боломж нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-28 11:47:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХБХ-ны ногоон талбайд хөдөлгөөний саажилттай хүүхдүүдэд зориулсан хөлбөмбөгийн дасгалжуулагчдын сургалт практикийн хичээлээр үргэлжилж байна.


Пүрэв гараг /2019.06.27/-ийн сургалтад хөдөлгөөний саажилттай нийт 16 хүүхэд оролцлоо. Хөдөлгөөний саажилттай хүүхдүүдийг дасгалжуулахын тулд заавал ангилал тогтоодог. Харин ийнхүү ангилал хийхийн тулд эмч, хөдөлгөөн засалч, техникийн талаас дүгнэлт хийх шаардлагатай.



Тус сургалтын тусламжтайгаар хөдөлгөөний саажилттай хүүхдүүдийг хөлбөмбөгийн спортоор хичээллүүлэх, тэднийг зөв чиглүүлэх дасгалжуулагчид төрөн гарах юм.


Ингэснээр олон тамирчдыг бэлтгэн гаргаж цаашлаад хөдөлгөөний саажилттай хүүхдүүдийн хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах боломж бүрдэх юм. Хөдөлгөөний саажилттай хүүхдүүд олон жилийн турш спортоор хичээллэсний үр дүнд хөдөлгөөний саажилт нь бүрэн эдгэхгүй ч тодорхой хэмжээнд сайжирч болохыг сургалт удирдагчид онцоллоо.



Сургалтад хамрагдсан хүүхдүүдийн зарим нь 2-6 жил хөлбөмбөгийн спортоор хичээллэж байгаа. Тэр дунд зургаан жил хичээллэж паралимпод оролцож мөнгөн медаль хүртсэн хүү ч байгаа нь спорт тэдэнд хэрхэн сайнаар нөлөөлж байгаагийн тод жишээ юм.


Хөлбөмбөгийн спорт хөдөлгөөний саажилттай хүүхдүүдэд бие бялдрын хөгжлөөс гадна найз нөхөд, нийгмийн идэвхтэй харилцаанд оролцох, шаргуу зан чанартай болгох олон давуу талтай.



Хамгийн гол нь энэ хүүхдүүд оюун ухаан нь эрүүл саруул болохоор хөлбөмбөгийн спортын тусламжтай нийгэмд бусадтай ижил байж, үнэлэгдэн, хүндлүүлэх эрхтэй.

Холбоотой мэдээ