Төрийн зарим байгууллага авлигад өртөх эрсдэл өндөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-06-28 13:26:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас төрийн өмчит “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, АТҮТ, “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл”, МИАТ, “Монгол шуудан” болон “ХАА-н бирж” ТӨХК-иудад хийсэн авлигын эрсдэлийн үнэлгээний дүнг танилцууллаа.

Улсын төсвөөс санхүүждэг байгууллага дээр санхүүгийн эрсдэл өндөр гарах магадлалтай байгааг хурал дээр танилцуулж байв. Судалгаа хийсэн газруудыг эрсдэлийн оноогоор үнэлэхэд хамгийн их эрсдэлтэй нь “МИАТ” ТӨХК байсан бол хамгийн бага эрсдэлтэй нь ХАА-н бараа, бүтээгдэхүүний, түүхий эдийн бирж байв. ХАА-н биржийн тухайд шинээр байгуулагдаад удаагүй байгаа ч эрсдэлийн шинжилгээгээ 2017 онд хийсэн учраас авлигын эрсдэлд өртөх магадлал бага байна.

Харин МИАТ ТӨХК-д хөрөнгийн үнэлгээ өндөр, байгууллагын бүтэц данхайсан байдлаар батлагдаж гарсан байна. Тийм учраас байгууллага, ААН-үүд эрсдэлийн шинжилгээгээ гадаад дотоод хүчин зүйлээр зөв тодорхойлж гаргах, төрийн байгууллагуудад хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх хэрэгтэй хэмээн зөвлөв.

АТГ-аас хийсэн судалгаагаар, төрийн албан тушаалд, ялангуяа хариуцлагатай өндөр албан тушаалд мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулах нь авлигын эрсдэлийг үүсгэж байна гэсэн дүгнэлт гарчээ. Тодруулбал, авлигын хэрэг үүсэхэд төрийн албанд ажиллах хүмүүсийг танилын хүрээгээр ажилд оруулж, арын хаалгаар томилох явдал голлон нөлөөлж байна. Төрийн өмчит зарим компанийн хүний нөөцийн бодлого, албан тушаалын шийдвэрүүдтэй танилцахад төрийн албан хаагчийн албанд өндөр албан тушаалтны шахаагаар хүмүүсийг ажилд оруулсан баримт байна.


Хэрэглэгчийн үнэлгээ социологийн хүрээлэнгийн хуулийн зөвлөх Б.Жавзанханд, “Судалгаа хийсэн газруудын хүний нөөцийн бодлого болон төсвийн байдлыг шинжлэхэд тодорхой хэмжээний эрсдэл үүссэн” гэв. Гадны улс орнуудад албан байгууллага, компанийн үйл ажиллагаанд гарах эрсдэлийг 3000 хувьсагчийн хүрээнд тооцож үздэг бол Монголд 50-60 хувьсагчтайгаар авч үзэж байгаа нь их учир дутагдалтай гэдгийг хурлын үеэр хөндөж байв. Манайд эрсдэл, эрсдэлийн үнэлгээ хийж хэвшсэн байгууллагууд ховор байна. Тиймээс эрсдэлийн шинжилгээг илүү өргөн цар хүрээнд авч үзэх, түүн дээрээ үндэслээд авлига гарах байдлыг дүгнэх шаардлагатай байна гэв.

Б. Одгэрэл

Гэрэл зургийг Н.Батбаяр 

Холбоотой мэдээ