ЕБС-иудын ихэнх нь хэт хуучирсан байранд хичээллэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ 2018-2019 оны хичээлийн жилд тавьсан зорилтын хэрэгжилтээ дүгнэх, шинэ хичээлийн жилийн зорилтоо тодорхойлохоор уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус уулзалт нь “Аюулгүй
амьдрах ур ухааны” сургалтын
хөтөлбөр хэрэгжүүлэхэд авах арга хэмжээний чиглэл тодорхойлох, бусад салбарын
үйл ажиллагааг уялдуулан, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой.
Сургуульд түгээмэл тохиолдох эрсдэл нь гадна дотно гэрэлтүүлэг, барилгын
бүтэц зохион байгуулалт, гадна талбайн хэрэгсэл болон цахилгаан сантехникийн
асуудал зэрэг байна. 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий
боловсролын 803 сургуульд сургалт явуулжээ. Төрийн өмчийн 656 ЕБС-ийн нийт 1026 байрны 60
хувь буюу 616 нь гучаас дээш жил, 22 хувь нь 45-аас жил болсон барилгад үйл
ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн урьдчилсан байдлаар нийт барилгын 27 хувь буюу 276 нь 7-9 баллын газар хөдлөлтөд тэсвэргүй болсныг
судалгаагаар тогтоожээ. Сургууль, түүний ойр орчимд хүүхэд эрсдэлд өртөх тохиолдол нэлээд гарч
байгаатай холбоотой БСШУСЯ-аас төрийн өмчийн сургуульд эрсдэлийн үнэлгээ хийхэд нийт сургуулийн 11.9-13.5 хувь нь өндөр, 71-75 хувь нь дунд, 12-18 хувь нь бага эрсдэлтэй гарч байв.
ДЗМОУБ Хүмүүнлэгийн онцгой байдлын хэлтсийн менежер Н.Өлзиймаа: БСШУСЯ,
Дэлхийн зөн Монгол ОУлон улсын байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийг ивээх сан зэрэг
байгууллага хамтран “ЕБС цогц
аюулгүй байдал” гэсэн суурь
хөтөлбөрт үндэслэн “ЕБС-ийн орчны аюулгүй байдлын стандарт”, “ЕБС-ийн гамшгаас
хамгаалах чиглэлийн боловсрол” гэсэн чиглэлийг даган цогц судалгааг Монгол Улсад анх удаа хийсэн. Энэ судалгаандаа төрийн өмчит 96 сургуулийг төлөөлөл болгон хамруулсан. Судалгааны үр дүнд зам тээврийн осол,
гэмтэл хамгийн эрсдэлтэй гарсан. Тухайлбал, сургуулийн орчинд замын гарц тэмдэглэгээ, хурд сааруулагч зэрэг
дутмаг байдгийг багш, сурагчид хэлсэн. Судалгааны үр дүнд үндэслээд “Зөвлөмж” гаргасан бөгөөд
хэрэгжүүлэх шатандаа явж байна.
Ерөнхий боловсролын бодлогын
газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар: Улсын хэмжээнд цэцэрлэг, сургуулийн сая гаруй
хүүхдэд гамшгаас өөрийгөө хэрхэн хамгаалах талаар, тухайлбал гал түймэр, зам тээврийн
осол, халдварт өвчин зэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх болон анхны тусламжийн
мэдлэг олгох зорилгоор БСШУСЯ-наас бусад салбарын төлөөллийн ажлын баг томилж “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр боловсруулсан. Цэцэрлэг, сургуулийн хичээлийн агуулгаар
дамжуулан хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байдлаар мэдлэг олгохын тулд
эхлээд багш нарт зориулсан арга
зүйн зөвлөмжийг боловсруулан, гарын авлага хэвлүүлэн хүргэж байгаа. Гамшгийн менежментийн гарын авлагыг сургуулийн
багш, удирдлагуудад зориулан гаргасан бөгөөд гамшгийн үед "Хэн юуг хийх ёстой"-г
тусган гаргасан.
Уулзалтад төрийн болон төрийн бус байгууллагын боловсролын 60 гаруй
салбарын албан хаагч, олон улсын байгууллагын мэргэжилтэн оролцон санал
зөвлөмж солилцсон юм.
Б.Ариунтуяа