Л.Ганхуяг: Аймагтаа ходоодны, элэгний хавдрын хагалгаа хийх боломж ойрхон байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс аймгийн Мэс заслын тасаг өдгөө хөгжлийн шинэ шатанд гарч орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байна. Мэдээж хэрэг энэ бүхэнд олон хүний хөлс хүч, хөдөлмөр шингэсэн нь тодорхой. Гэвч тэр дундаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч Лхагваагийн Ганхуягийг онцлохгүй өнгөрч болохгүй. Тэрбээр Увсдаа бүү хэл, улсдаа алдартай мэс засалчид болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Дэлэг, гавъяат Ж.Батдорж болон Ч.Жамсран, Б.Доржсүрэн, Алтанхүү, Ж.Батсүх эмч нарын залгамж халаа гэдгээрээ үргэлжид бахархаж явдаг байна. Гагцхүү эмч хүнд л илүүтэй байдаг болов уу гэмээр энэрэн нигүүлсэх чанар нэвт ханхлуулсан энэ сайхан эмчтэй ярилцах үнэхээр сайхан байлаа.
-Та
Увс аймгийн эрүүл мэндийн салбарт хэдийнээс ажиллаж эхэлсэн бэ?
-Би 2000 онд АУИС төгсөж ирээд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 103-ын эмч, уламжлалтын, дотрын эмч гэх мэт ажлыг хийж байгаад 2004 онд мэс заслын курст явсан. 2005 онд төгсөж ирээд үе үеийн ахмад мэс засалчид болох Ч.Жамсран, Б.Доржсүрэн, Алтанхүү, Ж.Батсүх эмч нартай хамт ажиллах болсон. Улмаар зарим ахмадууд маань тэтгэвэрт гарч, 2009 онд би тасгийн эрхлэгч болсон. Мэс заслын тасгийн эрхлэгч болсныхоо дараагаар яаралтай хагалгаа, хүүхдийн хагалгаа гээд байнга л дуудагдана. Тэр үеэс мэс заслын тасгийг олон эмчтэй болгох хэрэгтэй юм байна, тэднийгээ төрөлжүүлж нарийн мэргэжлээр сургах хэрэгтэй юм байна, тасгийнхаа бүх сувилагчийг хагалгааны сувилагчаар бэлдэх хэрэгтэй юм байна, амарсан үед нэг нь нөгөөгөө нөхөөд ажиллах боломжоор хангах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Бас хагалгаа хийх орчин нөхцөлөө сайжруулъя, хагалгаандаа шинэ технологи нэвтрүүлье гэсэн зорилго өмнөө тавьсан.
Эргээд харахад эдгээр зорилтууд маань тодорхой хэмжээнд биелсэн
байна. Одоо миний гар дээр дөрвөн мэс заслын эмч төгсөж ирээд ажиллаж байна. Би
тэднийг аймгийн удирдлагууд болон Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын
удирдлагуудтай ярьж байгаад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчээр ээлж дараатай сургаад
явж байна. Манай тасаг 12 сувилагчтай. Тэднийг бүгдийг нь нарийн мэргэжлээр
сургасан бөгөөд нэг нь амарсан үед нөгөө нь нөхөөд ажиллах бүрэн боломжтой
болсон. Би өөрөө 2011, 2013, 2014 онд гадаад, дотоодын
мэс заслын нарийн мэргэжлийн сургалтад хамрагдсан.
2014 онд хэвлийн
хөндийн дурангийн иж бүрдэл хагалгааны багажийг аймгаас манай тасагт нийлүүлсэн
юм. Энэ дагуу өөрөө сувилагчтайгаа хамт явж сурсан. Мөн хоёр сувилагч нэмж бэлдсэн.
Бид сүүлийн таван жилд дурангийн мэс заслаар хэвлийн хөндийн хагалгаа хийгээд
явж байна. Тухайлбал, цөс, мухар олгой, эмэгтэйчүүдийн өндгөвчний дайврын хагалгаа
гэх мэт дурангийн хагалгаа хийж байна. Таван жилийн хугацаанд дурангаар нийтдээ
550 орчим хагалгаа амжилттай хийгээд байна. Гэвч хэвлийн дурангийн хагалгааны
зардал өндөр өртөгтэй учир цаашаа хөгжих боломж хомс байна. Жишээ нь мухар олгойн
хагалгаа хийлээ гэхэд угийг нь боодог утас, түлэгч аппарат, эрхтэн гаргах уут гэх
мэт нэмэлт багажууд шаарддаг. Үүнийг нь улсын эмнэлгүүд тэр бүр хангаж өгч
чадахгүй байна. Гэдэс тайрах мэс ажилбарыг хувийн эмнэлгүүд өндөр өртөгтэй
багажаар өвчтөнөөс өөрөөс нь төлбөр гаргуулаад хийчихдэг. Гэтэл улсын эмнэлгүүд
хагалгаа хийх эмч нар нь бэлэн байгаа мөртлөө өндөр өртөгтэй тэдгээр багажаа авч
чадахгүй байна. Өвчтөнөөс өөрөөс нь төлбөр мөнгийг нь гаргуулах гэхээр бас хэцүү.
Улсын 1-р эмнэлэг, Хавдар судлалын клиник гэх мэт эмнэлгүүдэд элэг бөөр шилжүүлэх,
Улсын 3-р төв эмнэлгийн зүрх судасны мэс засал, гавал тархины мэс заслын
багийнхан дэлхийн хэмжээний мэс заслыг Монголдоо аль хэдийн нутагшуулжээ. Ийм
учраас бид бүхэн мэс заслын хөгжлөөс суралцах шаардлага зайлшгүй тулгарч байна.
-Манай
аймагт ямар төрлийн аппарат, багаж хэрэгсэл нэн шаардлагатай байгаа вэ?
-Бөөрний, шээсний замын өвчин элбэг байгаа бөгөөд энэ дагуу бөөрний мэс заслын эмчийг сувилагчтай нь хамт бэлдсэн. Үүнээс гадна эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудал хаягдсан байсныг хөгжүүлэхээр эмчээ бэлдсэн. 2014 онд давсагны уян дуран манай аймагт ирсэн. Энэ аппарат маань зөвхөн шээсний сүвний амсраас давсаг хүртэл дурандах оношилгооны дуран. Одоохондоо давсгаа дурандаад, шээсний сүвээ харж байна. Түүнээс цаашаа явахгүй байгаа. Энэ аппаратны хүчин чадал тийм ч сайн биш болохоор бөөрний чулуу, түрүү булчирхай авах боломжгүй, мөн бөөрний буглаа, давсагны чулуу авч чадахгүй байна. Зөвхөн оношилгоо хийгээд Улаанбаатар хот руу явуулдаг. Хэрвээ 200 гаруй сая төгрөгийн өртөгтэй энэ аппаратыг багажтай нь хамт авчихвал бөөр, шээсний зам, түрүү булчирхайн асуудлыг орон нутагтаа шийдчих бүрэн боломжтой.
Энэ төрлийн хагалгааг гуравдугаар
шатлалын эмнэлгүүд өвчтөний нийгмийн даатгалаар 70 хувийг нь шийдээд, үлдсэнийг
ар гэрээс нь гаргуулаад хийгээд явж байгаа. Манай аймаг ч гэсэн энэ жишгээр
ажиллаж болох юм.
Хүүхдийн мэс
заслын хөгжил манай аймагт их муу байсан. Ялангуяа дутуу нярай, гүйцэд нярайн
төрөлхийн болон олдмол гажгууд, мэс заслын өвчнүүдийг оношлоод хагалгаа хийх
нөхцөл байхгүй байсан. Иймээс хүүхдийн мэс заслын эмч, хүүхдийн унтуулгын эмч,
хүүхдийн хагалгааны сувилагч нарыг бэлдсэн. Энэ жилээс гэдэсний битүүрэлтэй,
цөсний битүүрэлтэй, төрөлхийн эвэрхийтэй хүүхдүүдийг оношлоод заримд нь мэс
засал хийгээд явж байна. Ерөнхийдөө хүүхдийн мэс засал хөгжих суурь тавигдсан
гэж үзэж болно.
-Танай
тасагт сүүлийн үед хийж байгаа дэвшилтэт мэс ажилбар юу байна?
-Өнгөрсөн намар аймгийн төсвөөс 40 сая төгрөгийн үнэ
бүхий бүдүүн, шулуун гэдэсний дурангийн хагалгаа хийх
HAL-RAR аппарат авч өгсөн. Энэ дагуу эмчээ бэлдэж, бүдүүн шулуун гэдэсний дурангийн
хагалгаанууд хийж байна. Аппарат аваад өгчихсөн байхад хагалгаа хийхгүй байна
гэдэг асуудал бас яригддаг. Гэтэл энэ хагалгааг хийхэд хошуу гээд багаж хэрэгтэй
болдог. Нэг хошуу 800 мянган төгрөг, утас нь 25 мянган төгрөгийн үнэтэй гэхээр нэг
хүнд хагалгаа хийхэд дорж хаяж 900 мянган төгрөгийн зардал хэрэгтэй болж байгаа.
Гэвч бид өвчтөнөөс 700 мянган төгрөгийн төлбөр авч бүдүүн, шулуун гэдэсний
дурангийн хагалгаа хийж байгаа бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотоод
санхүүжилтаар үлдсэн 200 мянган төгрөгийг нь нөхөж байгаа. Ингэснээр бид алдагдалтай
ажиллаж байна. Хүмүүс түрүүчээсээ мэдэж эхэлсэн бөгөөд одоогоор 20 гаруй хүн
төлбөрөө төлөөд энэ төрлийн хагалгаа хийлгээд байна. Өвчтөнд зовиур шаналгаа
багатай, гарч болох цаашдын хүндрэл багатай, ийм орчин үеийн дэвшилтэт технологи
бид нэвтрүүлээд ажиллаж байна.
-Элэг,
ходоодны хавдраар Увс аймаг улсад тэргүүлж байгаа. Тэгэхээр энэ талаар танай
тасаг ямар ажил хийж байгаа вэ?
-Увс аймаг хавдрын өвчлөлөөр улсад тэргүүлж байна. Ялангуяа улаан хоолой, ходоодны хавдрын өвчлөл их байгаа. Хавдрыг бид орон нутагт оношлоод Улаанбаатар хот руу Хавдар судлалын төв рүү явуулдаг. Жилдээ 120-150 өвчтөн хагалгаа хийлгээд ирж байна. Гэтэл 3-4-р үеийн хавдартай хагалгаа хийлгэх боломжгүй хүмүүс бас байна. Эмч нараа бэлдээд, оношилгоогоо сайжруулаад, шаардлагатай аппарат багаж хэрэгслээрээ хангагдчихвал Увс аймагтаа ходоодны, элэгний хавдрын хагалгаа хийх боломж ойрхон байна. Үүний тод жишээ бол өнгөрсөн жил Хавдар судлалын эмч Ж.Чинбүрэн манай аймагт ирэхэд 2-3 хавдрын хагалгаа хийсэн. Энэ хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, манай хоёр эмчийг сургаж байгаа. Цаашдаа унтуулгын эмч, хагалгааны сувилагч нараа үе шаттай сургачихвал хавдрын мэс заслыг орон нутагтаа хийх боломжтой болно.
Нэг хавдартай хүнийг дагаад дор хаяж 2-3 хүн Улаанбаатар хот
руу явдаг. Тэнд очингуут хагалгаанд орохгүй, оочер дугаар авна, шинжилгээ өгнө,
дор хаяад нэг сар болж байж хагалгаанд ордог. Маш их зардал чирэгдэлтэй. Хотод
байрлана, хоол унд иднэ, эм тариа, хагалгааны зардал гээд явж өгнө. Ер нь бол
эдийн засаг болоод сэтгэл санааны хувьд маш их хүндрэл учирна. Үүнийг орон
нутагтаа шийдчихвэл Увс аймгийн ард иргэдэд маш хэрэгтэй зүйл болох юм. Иймээс хавдрын
мэс заслыг хөгжүүлэх асуудал манай тасгийн нэн тэргүүний зорилт болчихоод
байна. Хамгийн гол нь шаардлагатай аппарат, багаж хэрэгслийг аваад өгчихвөл
ямар ч хагалгааг хийх боломжтой гялалцсан сайхан залуу хамт олон манайд байна.
-Танай
тасагт ихэвчлэн ямар мэс ажилбарууд хийж байна?
-Мухар олгой, янз бүрийн осол гэмтэл, хутга шөвгийн
асуудал зэрэг нь өдөр тутмын яаралтай хагалгаанд ороод явдаг. Харин дурангийн
хагалгааг бол төлөвлөгөөний дагуу хийдэг. Бүх шинжилгээг бүрдүүлээд,
унтуулгатай ордог хагалгаа. Жишээлбэл, тухайн хүн ханиад томуутай, зүрх судасны
эмгэгтэй байвал түүнийг нь эмчилж байж хагалгаанд оруулна. Харин яаралтай
хагалгааг яаралтай шинжилгээ бүрдүүлээд л тэр дор нь хагалгаа хийж өвчтөний амь
насыг авардаг. Манайх жилдээ 800 гаруй хагалгаа хийдэг. Үүнд цээж хэвлийн
хөндийн төлөвлөгөөт мэс заслууд, хүүхдийн болон бөөр шээсний замын мэс заслууд,
бүдүүн шулуун гэдэсний, ясны архаг болон цочмог идээт үрэвслүүд зэрэг
хагалгааг хийж байна. Сүүлийн таван жил нас баралт гараагүй. Бас сүүлийн
гурван жил орчимд бид бүхэн хагалгааны хүндрэл, өвчтөний хүндрэлээс болоод
Улаанбаатар хотоос эмч дуудсан тохиолдол байхгүй. Эмч дуудаж авч ирээд хамтраад
хийдэг хагалгаа зөндөө байгаа. Энэ нь нэг талаар тухайн өвчтөнд эдийн засаг
болоод сэтгэл санааны хувьд маш тааламжтай. Бид бүхэнд газар дээр нь сургалт
хийж өгдөг давуу талтай байдаг.
Ер нь бол хүнд
хагалгаа хийх ажил лабораториас эхэлнэ. Бүх шинжилгээг авна, зүрхний бичлэг хийнэ.
Дараа нь эхо компьютерээр оношилно. Шаардлагатай тохиолдолд зүрх судас, дотрын
эмчид үзүүлнэ. Эдгээр шинжилгээ, оношилгооны дараа унтуулгын эмч үзэж хагалгаа
хийх, хийхгүй эсэхийг шийддэг. Үндсэндээ эхлээд оношилж, дараа нь хагалгаа
хийж, эцэст нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээг маш сайн хийж байж нэг хүнийг
эрүүлжүүлдэг. Нэг ёсондоо мэргэшсэн эмч, сувилагч, лаборатори, оношилгооны
тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйтгэл, гистолгои лабортори гээд бүгдийг
цогцоор нь бэлдэх хэрэгтэй.
Бас дээр нь хагалгааны өрөө орчин үеийн шийдэл бүхий
вакуумжуулсан, хагалгааны дараа өвчтөн сэрээх иж бүрэн тоноглогдсон өрөөнүүдтэй
байх шаардлагатай. Ер нь бол хагалгаа хийнэ гэдэг бол хагалгааны багийн ур
чадвараас гадна багаж тоног төхөөрөмж, хагалгааны багаж, ороох боох материал,
утас зүүнээс шалтгаалдаг. Тендерээр ирж байгаа хагалгааны материал, утас, зүү
үнэхээр шаардлага хангахгүй байгаа. Тусламж үйлчилгээг сайжруулахын тулд
хагалгааны стандартад нийцсэн утас зүү, ороох боох материалаар хангах
шаардлагатай.
-Танай
тасгийн хамт олны ойрын үеийн зорилт гэвэл?
-Дурангаар элэг тайрдаг, ходоод тайрдаг, дурангаар
эвэрхий нөхдөг болмоор байна. Улсын тодотголтой эрүүл мэндийн салбарууд үнэхээр
ядуу байна. Мөнгөтэй хүмүүс гадагшаа, дотогшоо яваад эмчлүүлж байна. Аймгийн
Нэгдсэн эмнэлэгт байгаа томографийн аппарат 16 зүсэлттэй. Гэтэл 128 зүсэлттэй
компьютер Улаанбаатар хотын хувийн эмнэлгүүд оруулаад ирчихсэн байна. Тэмээ,
ямаа хоёр шиг зөрүүтэй байгаа биз.
Манай тасагт нүдний
хоёр, чих хамар хоолойн хоёр, эрүү нүүрний нэг, нийтдээ таван ор байгаа. Дөрвөн
эмч маань дөрвөн чиглэл бариад авчихлаа. Ингэснээр Увс аймагт түгээмэл байгаа
зонхилох дөрвөн өвчний мэс заслын тусламж үйлчилгээг аймагтаа шийдээд байх
боломж бүрдсэн. Энэчлэн бага багаар дэвшил гарч байна, гэхдээ илүү хурдацтай
явуулмаар байна. Манай залуучуудад юм хийх чин хүсэл их байгаа. Гол нь төр
засаг маань эрүүл мэндийн салбартаа мөнгө зармаар байна. Ард иргэд эрүүл байж
улс орон хөгжинө шүү дээ.
-Сүүлчийн
мөчийг танд үлдээе?
-Ард түмэн ламдаа маш их итгэж байна. Манай тасаг 1, 3, 5
дахь өдрүүдэд хагалгаа ихтэй байдаг. Харин 2, 4, 6 дахь өдрүүдэд хагалгаагүй
байх жишээний. Хурц олгой туссан хүнд өнөөдөр муу өдөр байна, маргааш хагалгаа
хийнэ гээд байлгаад байж болохгүй. Яаралтай хагалгаа хийж хүний амь насыг
аврахаас өөр аргагүй. Та нар арц, рашаанаа хэрэглэ, бид авах ёстой арга
хэмжээгээ авна л гэж ард иргэдэд хэлдэг. Сайн муу өдрөөс болж хүндэрсэн өвчтөн
байхгүй. Арц рашаанд итгээд өвчнийг хүндрүүлж болохгүй шүү дээ.
Увс аймгийн минь
ард иргэд эрүүл саруул байх болтугай. Хүн бүр зөв зохистой хооллож, хорт
зуршлаас зайлсхийж байгаарай. Бас биеийн тамираар хичээллэж, цаг хугацаандаа
үзүүлж харуулж, 40-өөс дээш насныхан жилдээ нэг удаа компьютерт орж, ходоодны
дуранд үзүүлж байх хэрэгтэй. Түүнээс биш цагийг нь тулгаж ирчихээд мянга
орилоод нэмэргүй. Өчнөөн мөнгө төгрөг байгаад хэрэг болохгүй. Аль болох эрт
оношлуулж байж эрүүл саруул болдог. Бас цахим орчинд тавьсан мэдээллээр
өөрийгөө эмчлэх оролдлого хийх хэрэггүй гэж хэлмээр байна. Эрүүл мэндээ лам
бариачдаа биш, эмчдээ даатгах цаг нь болсон шүү. Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын
тасгийн хаалгаар орж ирсэн хэнийг ч болов бид бүхэн тосч аваад хурдан шуурхай,
чанартай тусламж үйлчилгээг үзүүлээд гаргах болно. Өвдөөд уйлаад орж ирсэнийг
инээлгээд гаргана гэдэгт итгэлтэй байна.
-Танд
баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.