Эрдэнэбулган сумын Соёлын төв МУАЖ П.Хаянхярваагийн нэрэмжит болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-30 18:33:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Эрдэнэбулган сумын Соёлын төвийг Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач, профeссор Пүрэвжавын Хаянхярваагийн нэрэмжит болгохоор шийдвэрлэв. 

Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа Эрдэнэбулган сумын нутагт 1935 онд төрсөн. Гэрээр бага боловсрол эзэмшиж, 12 настайдаа Цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд орж, 10 жил хөгжимчнөөр ажиллажээ. Хөгжмийн авьяас билэгтэй түүнийг 1957 онд ЗХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд  сургуульд явуулсан байна. Тэрээр сургуулиа 1961 онд дүүргэн хөгжмийн удирдаач мэргэжил эзэмшжээ. Сургуулиа төгсөөд Ардын цэргийн дуу бүжгийн чуулгад найруулагч, уран сайхны удирдагчаар ажиллаж эхэлсэн байна.

Тэрээр 70 шахам жил уран бүтээл туурвихдаа хөгжмийн найруулга 10 мянга шахам, дуу 400 гаруй, магтуу дуу гурав, бүжгийн чуулбар хөгжим 40, үлээвэр хөгжмийн зохиол 100 шахам, цэргийн болон тэмдэглэлт баяр, бүтээн байгуулалтын сэдэвт марш 50 гаруй, цэргийн анги, байгууллагын захиалгын зориулалттай дуу 100 гаруйг дуулуулж, хөгжимджээ. П.Хаянхярваа нь Ардын армийн хурандаа цолтой, Цэргийн гавьяаны одон, Монгол улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн юм. 

 

Холбоотой мэдээ