Бүрэнтогтох сумын цэцэрлэгт хүрээлэнд Чингүнжавын хөшөөг босгожээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-07-01 09:21:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төв цэцэрлэгт хүрээлэнд Чингүнжавын хөшөөг босгожээ. Тус хөшөөг Монгол Улсын аварга малчин Бүрэнтогтох сумын Туяа багийн малчин Халиугчин овогт О.Цэнд-Аюуш санаачлан 10 сая төгрөгийг зарцуулж Бүрэнтогтох сумын залуу уран бүтээлч, барималч У.Цэрэндорж урлаж хийсэн байна.  

Хотгойдын Шадар ван Чингүнжав нь Банди бэйлийн ууган хүү болон Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийндалай багийн нутаг “Биндэртийн өвөр” хэмээх газар 1710 онд мэндэлжээ. Банди бэйл хүүгээ халхын ноёд, тайж нарын нэгэн адил Бээжинд явуулж боловсрол эзэмшүүлсэн гэдэг.
Чингүнжав 1737 онд Засагт хан аймгийн туслагч жанжин, Засаг бэйл болон өргөмжлөгдсөн авч манжийн бурангуй явуулгад байн байн няцаалт өгч тэрсэлж байжээ. Манжийн хааны зарлигаар Халхыг баруун Монголтой харилцаж худалдаа наймаа хийхийг хориглосон байхад Чингүнжавын албат нар чөлөөтэй зорчиж, тэдний дургүйцлийг хүргэснээс гадна Манжийн эсрэг тэрсэлсэн Жанцан хутагтыг барьж ирүүлэх тухай хааны зарлигийг зөрчиж харъяа нутаг хошуундаа нуун дарж байжээ.  Чингүнжавын захиргааны хотгойд нь их хотгойд, бага хотгойд, мянгад, халиучин, тогос, шичинуд, гэсэн 6 отгоос бүрддэг бөгөөд Отог бүр нь 100-200 орчим өрхтэй байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн ажээ.

 


 

Холбоотой мэдээ