Аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Сибирийн хэлэлцээр”-т оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-01 13:28:21

Увс /МОНЦАМЭ/. Монгол, Орос, Хятад улсын төрийн тэргүүн нарын эдийн засгийн коридор байгуулах хэлээлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Сибирийн хэлэлцээр" бүс нутгийн холбооны хурал ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотод энэ сарын 28-29-ны өдөр болж өнгөрлөө.

Энэхүү хуралд Сибирийн тойргийн Омск, Томск, Красноярск, Алтайн хязгаар, Иркутск, Новосибирск, Тува, Хакасс улсын Ерөнхийлөгч, Амбан захирагч нар, БНХАУ-ын ШУӨЗО-ы Засгийн газрын орлогч дарга нар, Монгол Улсаас Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар оролцсон байна. Энэ үеэр Красноярск -Абакан- Кызыл -Улаангом -Ховд -Үрэмч чиглэлийн хил дамнасан автозамын тээврийн коридор байгуулах протоколд талууд гарын үсэг зуржээ.

Мөн энэ үеэр Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нарыг Монгол Улсаас Кызыл хотод суугаа Ерөнхий консул Б.Ганцэцэг хүлээн авч уулзан цаг үеийн асуудлаар санал бодлоо солилцсон байна. Ерөнхий консулын газраас иргэдэд хууль эрхзүйн туслалцаа үзүүлж, зарим иргэдийн шүүхийн шатанд яваа мэдээллийн талаар болон малаа хулгайд алдаж хохирлоо барагдуулж чадахгүй байгаа иргэдэд туслалцаа үзүүлэх зорилгоор Тува улсын ШШГГ-тай хамтран ажиллаж, Ерөнхий консулын газрын дансаар хохирлын мөнгийг шилжүүлэн авч тухайн аймаг, сумын харьяат иргэдэд шилжүүлэн өгч тусламж дэмжлэг үзүүлж байгаагаа мэдээлжээ.

Засаг дарга Д.Батсайхан Ерөнхий консулын газрын зүгээс эрх нь зөрчигдсөн Увс аймгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр хууль эрхзүйн туслалцаа үзүүлж байгаад талархаад Увс аймаг ба Сибирийн бүс нутгуудын бүх салбарын гадаад харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар хамтран ажиллахыг Ерөнхий консул Б.Ганцэцэгт уламжилсан байна

Холбоотой мэдээ