Энэтхэгт гүүр нурсны улмаас 24 хүн амиа алдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-01 15:59:25

ШИНЭ ДЕЛИ. /RIA Novosti/. Энэтхэгийн зүүн нутагт оршдог Колката хотод барьж байсан гүүр нурсны улмаас амиа алдсан хүний тоо 24 болсон тухай телевизийн “NDTV” суваг мэдээллээ.

Пүрэв гарагт орон нутгийн цагаар 12 цаг 30 минутад мордмол гүүр нурсан байна. Гүүр нурсан шалтгааныг шалгаж байгаа боловч нүдээр үзсэн хүмүүсийн хэлснээр, нурахын өмнө дэлбэрэх чимээ сонсогджээ. Урьд нь 20 хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна.

“Аврах ажил бараг дууссан. Нурангин дор нэг ч хүн үлдээгүй” гэж албан ёсны эх сурвалж “NDTV” сувагт мэдээлжээ. Нийтдээ 90 орчим хүнийг аварч чадсан байна.

Цагдаа нар гүүрний барилгын ажлыг гүйцэтгэж байсан “IVRCL” компанийн гэрээт ажилтнуудыг баривчлахаар Колкатагаас Хайдерабад хот руу явжээ. Уг гүүрийг 2009 оноос хойш барьж байгаа бөгөөд ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг хэд хэдэн удаа хойшлуулсан байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ