М.Энхсайхан: Сонгогчдын боловсрол дутагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-03 14:31:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд асан М.Энхсайхан өнөөдөр МУИС-ийн Номын санд “Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ?” сэдвээр лекц уншив. Илтгэлийн гол санаа сонгогч иргэдэд эдийн засгийн болон улстөрийн боловсрол дутагдаж байна гэдэгт төвлөрч байв.

Тэрээр, ардчилал, зах зээлийн замыг сонгосон манай улсад хүмүүс эдийн засгийн болон улс төрийн буруу бодлогыг яагаад сонгоод байгааг, нэг талаар зарим улс төрчийн популист амлалт бүхий үйл ажиллагаанд автаж буйтай холбон тайлбарлаж байв.

Тэрээр, “Монголд улс төр гэхээсээ илүү нутгийн зөвлөлийн, нэг аймаг, сумын гэсэн жалга довны үзэл их байна. Ардчилсан нийгмээр авч үзвэл, улс орны хөгжилтэй холбоотой аливаа зүйлд хялбархан шийд олох гэсэн эрмэлзэл давамгайлсан хэвээр байгааг популизм өөгшүүлж байна. Зах зээлийн нийгмээр авч үзвэл монголчууд бид хийж бүтээж буй зүйлээ, эдийн засгаа дутуу үнэлдэг. Үүн дээр нь популист үзэлтнүүд мөн тоглолт хийн, гутранги үзэлд автуулж, зах зээлийн "үл үзэгдэх гар"-ыг үл ойшоох байдалтай байлгаж, гадаадын гэсэн юм болгоныг эсэргүүцдэг байдал арилаагүй байна.  


Наад захын жишээ нь, иргэд сонгуульд оролцож санал өгөхдөө улс орны хөгжлөө бүхэлд нь харж нийгмээ бодох бус зөвхөн өөрийнхөө өнөө маргаашийн ажил, амьдралыг бодон сонголт хийж буй нь учир дутагдалтай байна. Тиймээс иргэд, сонгогчдыг боловсруулах нь популизмаас салах нэг гарц. Их, дээд сургуулиудад политэкономикийн хичээлийг оруулдаг болгоё. Ингэхдээ улс төртэй хамт заахгүй бол мөн л хагас дутуу мэдлэг олголно” гэж байв.

Илтгэл лекцийг “Боловсрол төвтэй улс төр” ТББ-аас зохион байгуулсан бөгөөд лекцид сэтгүүлч, оюутан, сэхээтнүүд олноор ирсэн байв.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ