УИХ-ын чуулганы хаалт ба нээлт
ТОЙМ
УИХ-ын хаврын
чуулган хувиар ёсоор 7 дугаар сарын 1-нд өндөрлөх байжээ. Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийг
хэлэлцэж байгаатай холбогдуулан хуралдах хугацааг сунгаад өнөөдөр (2019 оны 7 дугаар сарын 5)
хаалаа.
Хаврын чуулган ажлын 66 өдөр үргэлжилжээ. Ажлын өдрүүдийг
задалж үзвэл, нэгдсэн хуралдаан 24 удаа
117 цаг хуралдан 118 асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн. Мөн байнгын хороод 74,
дэд хороод 3, түр хороо 9, нийт 86 удаа, 134 цаг хуралдаж, 182 асуудал
хэлэлцжээ. УИХ-ын ээлжит чуулган бие даасан 14, нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай 74, хүчингүй болгох тухай 10 нийт 99 хууль, УИХ-ын 44
тогтоол баталсан дүр зураг гарч байна. Ээлжит
чуулганы энэхүү тоон үзүүлэлтийг намрын чуулгантай харьцуулахад баталсан хууль,
тогтоол нь 50 хувиар дээгүүр гаржээ.
УИХ-ын дарга Г. Занданшатар парламентын хяналт, шалгалт болон баталсан хууль амьдралд хэрэгжиж хэрхэн амь
орж байгаа талаар дэлгэрэнгүй үг хэллээ. Тухайлбал “УИХ-ын
даргын хувьд минйи бие хүүхэд хамгааллын хэд хэдэн байгууллага, ерөнхий
боловсролын 133-р дунд сургууль, Туул голын ай сав, эрдэм шинжилгээ, шинжлэх
ухааны байгууллагууд, УБТЗ болон УИХ-аас удирдлага нь томилогддог зарим
байгууллагын үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилттэй танилцахад энэ чиглэлээр илүү
анхаарч хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах ёстой нь анзаарагдсан.
Хууль
хэлэлцэж, батлаад орхисноор үүргээ гүйцэтгэлээ гэж үзэлгүйгээр бидний “бүтээл”
амь орж байгаа эсэхийг, амьдрал дээр хуулийн хэрэгжилт ямар байгааг, амьдралд
нийцэж буй эсэхийг танилцан мэдэж, хэрвээ асуудал байгаа бол хуульдаа засвар
өөрчлөлтийг нэн даруй оруулж байх нь бидний хуулиар хүлээсэн үүрэг мөн. УИХ-ын
2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийгэмд шударга ёс тогтоох, хүний
эрхийг дээдлэх, хуулийн байгууллагуудын хараат бус байдлыг хангах, шударга
шүүхээр шүүлгэх, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрхийг хангахад анхаарч
ажилласан” гэж хэллээ.
УИХ-ын хаврын чуулган
хааж үг хэлсэн Г. Занданшатар тэр суурин дээрээ ээлжит бус чуулганыг нээж үг
хэллээ. Ээлжит бус чуулган нээх болсон гол шалтгаан нь Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг
хийх болсонтой холбоотой юм байна. Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгийг уг
нь ирэх долоо хоногт хэлэлцэх байсан юм. Гэвч Ероөнхийлөгч УИХ-ын дарга (7
дугаар сарын 2)-д Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийн талаар өөрийн байр сууриа
албан бичгээр хүргүүлсэн юм.
Уг албан бичигт “Ардчилсан Үндсэн хуулийн амжилт ололт, алдаа дутагдал ил
байна. Амжилтыг ахиулж, алдааг засах нь Монголын төр, ард түмний үүрэг мөн,
арга зам нь хуульдаа өөрчлөлт оруулж, сайжруулах гэдэгтэй маргаж буй хүн алга.
Нөхцөл байдал ийм байхад долоо хэмжих асуудлыг нэг хэмжиж хэрхэвч болохгүй
гэдгийг онцгойлон сануулъя.
Миний бие
нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний хувьд УИХ-аар хэлэлцүүлж буй
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг албан бусаар олж авч, зохих хэмжээнд
судалж танилцлаа. Авууштай зүйл ч байна, алдаатай зүйл ч байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран сандран хэлэлцэх бус наадмын дараа нухацтайгаар хэлэлцэх шаардлагатай байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх чуулганд биечлэн оролцож, саналаа тусгайлан илэрхийлнэ. Зохих арга хэмжээг авч, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх УИХ-ын чуулганыг баяр наадмын дараа товлож, мэдэгдэнэ үү” гэжээ. Хаврын чуулган (2019 он) хааж, ээлжит бус чуулган нээж буй үйл явдлыг хөндлөнгөөс нь харвал УИХ, Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн зүгээс гаргах байр суурийг чухалчлан үзэв бололтой.
Улсын дээд
шүүх (УДШ)-д улс төрийн 32 нам бүртгэлтэй. Тэднийг улсын хэмжээнд үйл ажиллагаа
явуулж байна гэж ойлгож болно. Үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намуудаас
15 нь Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийг дэмжиж байгаа гэнэ. Тухайлбал тэдний нэг
МАХН-аас байгалийн баялаг ард түмний дундын өмч байна гэж тусгасан санал ирүүлсэн гэнэ.
УИХ-ын
дарга Г. Занданшатар ээлжит бус чуулган нээж үг хэлэхдээ “Оюутолгойн ордыг
ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой УИХ-ын шийдвэрийн
төсөл боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсэгт ажлаа шуурхайлах, түргэтгэх чиглэл
өгч байна. Энэ бол хариулт, шийдэл нэхсэн олон асуудлын нэг гэдгийг сайтар
ойлгох ёстой. Шийдвэрийн төслийг УИХ-ын Байнгын хороо хэлэцэж, чиглэлээ гаргах
ёстой” гэж хэллээ.
Оюутолгойн
талаар түүний илэрхийлсэн байр, суурь гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг
татах уу, үгүй юү гэдэг асуулт эндээс урган гарч ирнэ. Гэхдээ ганцхан жилийн
дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Ийм нөхцөлд гадныхан манайд хөрөнгө оруулдаггүй. Харин оруулсан хөрөнгөө эргүүлэн
татдаг муу зуршилтай. Нөхцөл байдал ийм байхад гадаадын хөрөнгө оруулалт хэмээх
эмзэг сэдвийг УИХ-ын дарга хөндлөө.