Оюутан цэргийн сургалтад 1000 оюутан хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-07-04 09:49:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Шархад” хээрийн сургалтын төвд “Оюутан цэрэг” сургалтын зургаа дахь ээлжийн цэргийн сургалтын нээлт өчигдөр боллоо.


Оюутан, залуучуудыг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бэлтгэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, ахмад үеийн дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, шаардлагатай үед дайчилгааны бэлтгэл нөөцийг бэлдэх зорилготой оюутан цэргийн сургалтад энэ жил 1000 оюутан хамрагдаж байна.

Оюутан цэрэг сургалт нь хугацаат цэргийн нэг жилийн сургалтыг дөрвөн сард багтаасан цэргийн албаны шинэ төрөл бөгөөд цэргийн 11 бага мэргэжлийг эзэмшүүлдэг байна.

Нээлтэд “Бид эх орондоо хэрэгтэй, жинхэнэ иргэн, эр цэрэг болон хатуужиж байна” гэдэг үгийг оюутан цэргүүдээ төлөөлж байлдагч н.Ариунболд хэлсэн бол нийт оюутан цэргүүд “Эх орон эрчүүдээр дутна” дууг дуулав.

Мөн энэ үеэр сургалтын төвд шинээр барьсан цэргийн байрны нээлт боллоо. “Төвхөн трейд” компанийн гүйцэтгэсэн долоон байр нээснээр тус төв оюутан, цэргүүдээ бүгдийг нь байршуулах боломжтой болов. 

Цэргийн сургалтын нээлтэд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Зэвсэгт хүчин жанжин штабын удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын зэрэг төрийн болон сургалтын байгууллагын удирдлагууд оролцлоо.

2014 онд эхэлсэн тус сургалтад зургаан жилийн хугацаанд 5500 гаруй оюутан хамрагдаж, эх орныхоо өмнө эр цэргийн тангараг өргөжээ.




 

Холбоотой мэдээ